Цэс Close

“Тавантолгой түлш” ХХК 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна

Өнөөдрийн сонсголоор "ЭТТ" ХК-аас охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох барим шинжлэн судална. Эхний сэдэв “Таван толгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар юм.

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай 18 дугаар тэмдэглэлд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 23 дугаар тогтоолыг үндэслэн үйлдвэр байгуулах "Тавантолгой түлш" ХХК-ийг байгуулсан. Хувьцааныхаа 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг ТӨБЗГ тус тус эзэмшдэг байна.

Шинжээч: “Таван толгой түлш” ХХК 2018 онд “Зерован” ХХК-аас санхүүгийн программ худалдан авч санхүүгийн үйл ажиллагаандаа ашигладаг байжээ. Тус программаас 2018-2022 оны санхүүгийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байгаа талаар одоогийн санхүүгийн ажилчид хэлсэн. Иймд шинжээч нарийвчлан шалгах шаардлага үүссэн.

Тус компани нь нийт баруун, зүүн, төв гэсэн гурван үйлдвэртэй. Баруун бүсийн үйлдвэр СХД-т байрладаг бөгөөд жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Төвийн бүсийн үйлдвэр Баянгол дүүрэгт байрладаг 200 мянган тонн хүчин чадалтай. Зүүн үйлдвэр нь Төв аймагт байрладаг бөгөөд жил 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг.

Энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байна. 

Нийт хөрөнгийн 57.6 хувийг үндсэн хөрөнгө, 27.5 хувийг бараа материалын үлдэгдэл эзэлж байгаа бол нийт өр төлбөрийн 96 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын дүн эзэлж байна. Түлшний өөрийн өртгөөс алдагдалтай үнээр борлуулдаг. Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг 2018-2022 онд жилд нэг удаа тооцсон байх бөгөөд ингэхдээ ачих буулгах, харуул хамгаалалтын зардлыг тооцолгүй алдаатай тооцсон байна. Энэ оны нэгдүгээр сараас санхүүгийн програмаа шинэчилж, нэгжийн өртгийг тооцдог болсон. "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 15 гэрээний дагуу 1.069.4 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгосон байна. 

2018 онд 18.6 тэрбум төгрөгийг үйлдвэр барьж байгуулах төсөлд зарцуулж, 2019 онд 111.7 тэрбум төгрөгийг шахмал түлшний шинэ үйлдвэр барихад, 2020 онд 90.5 тэрбум төгрөгийг зүүн бүсийн үйлдвэрт, 2021 онд 111.3 тэрбум төгрөгийг цар тахлаар гэр хороололд хөнгөлөлттэй үнээр олгосон түлшний үнийн зөрүүг нөхөн санхүүжүүлэхэд, 15.2 тэрбумыг түлшний үндсэн түүхий эд мидлинг барьцалдуулагчийн нөөц эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон. 2021 онд 700 тоот гэрээгээр 58.1 тэрбум төгрөгийг, 2022 онд 46.1 тэрбум төгрөгийг цар тахалтай холбоотойгоор хөнгөлөлттэй түлш нөхөн санхүүжүүлсэн бол 2023 онд 84 тэрбумыг баяжуулах үйлдвэрийн барилга барихад зарцуулжээ. 

2022 оны 160 тоот гэрээгээр 15.5 тэрбум төгрөгийг нүүрс худалдах гэрээгээр тоног төхөөрөмж худалдан авах гурвалсан гэрээг байгуулсан. 2022 оны 502 тоот гэрээгээр 4 тэрбумаар хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын төсөлд эргэн төлөхөөр санхүүжүүлсэн. 2022 оны наймдугаар сард 518 тоот гэрээгээр 6.6 тэрбумаар "Хонгконг.." компаниас сайжруулсан шахмал түлш авах гэрээ байгуулж, санхүүжүүлсэн. 2022 онд 199.5 тэрбум төгрөгийг өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар санхүүжүүлсэн" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах