Цэс Close

Бид Багануурын уурхайд зочиллоо

Багануур Хувьцаат Компани бол Монгол Улсын эрчим хүчний салбарын өмнө хүлээсэн үүргээ 46 жилийн турш нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний тулгуур уурхай юм. Тус уурхай нь 24/7 горимд ажиллаж, дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр ханган, биднийг тог цахилгаантай, дулаан орчинд амьдрах боломжийг бүрдүүлж байна.

Хэдий хүлээсэн хариуцлага их боловч станцуудад борлуулж байгаа нүүрсээ өртгөөс нь доогуур алдагдалтай үнээр өгч байгаагаас техник тоног төхөөрөмж нь хуучирч, өр төлбөр нь нэмэгдэж, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй аваарын байдалтай ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар уурхай нэг килограмм нүүрсийг 43 төгрөгөөр борлуулж Улсаас нэг ч төгрөгийн татаас авахгүй ажиллаж байгаа боловч Татварын байгууллага, харилцагч байгууллагаас хэдэн тэрбум төгрөгөөр нь алданги тавиад эхэлжээ.

Эрчим хүчний салбарын либералчлал, үнэ тарифын асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болсон байна. Одоо энэ асуудлыг шийдвэрлэх цаг нь иржээ.

Багануур ХК хоногт дунджаар 12000 тонн нүүрс олборлон станцуудад нийлүүлдэг. Гэвч нүүрсний үнэ, өртөгийн зөрүүнээс хоногт л 131 сая төгрөгийн алданги, сард 3.9 тэрбум гаран төгрөгийн алдагдал хүлээдэг. Төр нэг гараараа Багануурын уурхайн нүүрсний үнийг хязгарладаг хирнээ нөгөө гараараа татварын дарамт үзүүлдэг байна. Жишээлбэл: 2022 онд Татварын ерөнхий газраас 2016-2019 оны татварыг хугацаандаа төлөөгүй хэмээн 10.8 тэрбум төгрөгийн алдаги, 2020-2022 оны татварыг хугацаандаа төлөөгүй гэж 11.8 тэрбум төгрөгийн алданги ноогдуулжээ. Төрөөс нүүрсний үнэ тарифыг тогтоож, алдагдалтай ажиллаж байгаа үед татварын газраас алданги ноогдуулж буй асуудлыг бодлогоор зогсоох хэрэгтэй санагдлаа.

Нүүрсний үнэ нэмэгдэхээр дагаад цахилгааны үнэ өснө тэгэхээр бүх юмны үнэ өснө гэсээр байгаад эрчим хүчний нүүрс олборлогч гол уурхайгаа элгээр нь хэвтүүлчихсэн. Нүүрсний үнээс үл шалтгаалаад бүх юмны үнэ өссөөр... Жишээлбэл: 2023 онд 2200 төгрөг байсан АТАР талх өнөөдөр 2500 төгрөг болж 13.6 хувиар, 2813 төгрөг байсан нэгдүгээр гурил өнөөдөр 3100 төгрөг болж 10.2 хувиар,1188 төгрөг байсан 1 кг төмс өнөөдөр 1855 төгрөг болж 55.7 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах