Улстөрчид яагаад хөгжилд нэмэртэй хүнд шийдвэр, төслөөс татгалздаг вэ?

Улстөрчид яагаад хөгжилд нэмэртэй хүнд шийдвэр, төслөөс татгалздаг вэ?

Америкийн сэтгэлзүйч Абрахам Маслоу хүний хэрэгцээг пирами хэлбэртэй схемээр дүрсэлжээ. Эхний хэсэг нь хүний гол хэрэглээ буюу үүнийг хангахгүйгээр оршин тогтнох аргагүй хэрэгцээ юм. Эдгээрт аюулгүй байдал, амьдрах сууц, сайн хооллох боломж, эрүүл байх хэрэг орно.

Хүн энэ хэрэгцээгээ хангасныхаа дараа дараагийн дээд түвшнүүд рүү орж, нийгмийн хэрэгцээ, хүлээн зөвшөөрөгдөх, амжилтад хүрэх хэрэгцээгээ хангаж эхэлдэг. Пирамидын дээд оройд оюуны хэрэгцээ буюу хөгжих, өөрийгөө сайжруулах боломж юм.

Тэгвэл улстөрчид уриандаа ихэвчлэн сонгогчдын гол хэрэгцээ буюу пирамидын эхний 2-3 үеийг л амладаг. Хамгийн том амлалт бол аюулгүй байдлыг нь хангана, цалинг нь өсгөнө, нийгмийн тэтгэмжээр хангаж, татварыг нь бууруулна, чанартай, хүртээмжтэй эрүүл мэнд бий болгоно гэх мэтчилэн амлалт өгдөг.

Харин Маслоугийн пирамидын дээд хэсгийн хэрэгцээг хангана гэж дуугардаг улстөрчид ховор. Өөрөөр хэлбэл чанартай боловсрол олж авч, гоо зүйн хэрэгцээгээ хангах, бүтээлч боломжоо нээх шинэчлэлийг санал болгодог улстөрчид ховор.

Тэгвэл улстөрчдөд яагаад энгийн зүйлс амлах нь илүү ашигтай байдаг вэ? Улстөрчид орчин үеийн технологийн тусламжтайгаар сонгогчид чухам юу хүсээд байгааг амархан мэдчихдэг. Дараа нь шинжээчид тэдэнд нийгмийн хэрэгцээнд нь тохирох сайхан лоозон бичээд өгчихдөг. Ингэснээр улстөрчид олон нийтийн анхаарлыг татах сайхан боломжтой болох юм.

Хүний үндсэн хэрэгцээ амархан борлогддог зүйл. Тиймээс улстөрчид хүнд шийдвэр, төслөөс аль болох татгалзаж, хүмүүсийн сонсохыг хүссэн зүйлийг л ярьж эхэлнэ. Бүх улстөрч ижилхэн ийм зүйл яриад эхлэхээр сонгогчдын толгой эргэж, улстөрчдийг ялгаж танихаа байж эхэлдэг гэнэ.

Улстөрч болохын тулд орлогын дундаж түвшнээс давсан нөөцтэй байх хэрэгтэй. Тиймээс улстөрд өөрийнхөө үндсэн хэрэгцээг хангачихсан, өдөр бүр амь зогоохын төлөө тэмцэх хэрэггүй, амьдралын илүү өндөр түвшний хэрэгцээг хангах хүмүүс гарч ирдэг байна.

Эх сурвалж: UPDOWN.MN


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.