Сараево хотын агаарын дүүжин зам

Сараево хотын агаарын дүүжин зам

Босни ба Хэрцоговина Улсын нийслэл Сараево хотынхны нэг бахархал бол Трэбэвик агаарын дүүжин зам. Хотын төвөөс дүүжин кабинд суун, 500 метрийн өндрийг найман минутад туулаад, Трэбэвик уулын оройд хүрнэ. Агаараар дүүжигнэж явахдаа шинэ, хуучин Сараево хотыг бүхэлд нь тольдон, дурсгалт газруудынх нь байрлалыг хараад авчих боломжтой.

Трэбэвик уулаар нэрлэгдсэн энэхүү агаарын зам анх 1959 онд баригджээ. Европ тивийн анхны агаарын зам учраас хотынхон ихэд бахархаж ирж. Сараево хотод болсон 1984 оны өвлийн олимп Трэбэвик агаарын замыг дэлхийд алдаршуулж байв. Харин 1992-1995 оны Боснийн дайны үед Трэбэвик уулын агаарын замын байгууламж мэргэн буучдын байрлал болсон түүхтэй. “Болгоомжтой!!! Мэргэн буучийн овоо хараанд өртөв!!!”.

Ийм анхааруулга Трэбэвик уулын харалдаа ил гудамжуудад хаа сайгүй байрлаж, гэнэ алдсан энгийн хүмүүс үхлийн суманд хэдэн зуугаараа өртөж байсныг гэрчлэх хүн энд зөндөө. Агаарын зам бүхэлдээ сүйтгэгдэн нурж, Трэбэвик уул айдсын цэг болжээ. Сараево хотын бүслэлтийн туршид 11541 хүний амь энэ уулнаас онилсон мэргэн буучийн суманд сүйдсэн.

1995 оны 8 дугаар сард энгийн хүмүүсийг үй олноор нь буудан алсан үйл явдлын дараа НАТО сая нэг анхаарч, энд байрласан мэргэн буучдын үүрийг бөмбөгдөн сөнөөжээ. Улмаар Боснийн сэрбүүдийг Дэйтоны Энхийн Гэрээнд хүчээр нэгтгэн, Босниа ба Хэрцэговинагийн Холбооны Улс болон Србска Улс хэмээх хоёр хэсэгт хуваан шийдвэрлэсэн түүхтэй.

Дайн дууссан ч агаарын зам нуранги чигтээ хорь гаруй жилийг үдэж. Дайны айдас сүүдэр холдохын хэрээр хотынхон бахархалт замаа санаж, агаар салхиндаа гарахыг мөрөөдөж эхэлжээ. Ингээд 2018 онд цоо шинээр дахин барьсан Трэбэвик уулын агаарын зам  ашиглалтанд оров. Сараево хотын уугуул бүсгүйтэй хаилсан америк саятан хөрөнгө оруулсан гэнэ.

Гучин гурван ширхэг дүүжин кабинууд нэг цагт 1200 хүнийг хотын төвөөс Трэбэвик уулын оройд хүргэх хүчин чадалтай. Уулын оройд 1994 оны өвлийн олимпийн дурсгалын хөшөө, амралтын газрууд, явган аялалын замууд бий. Сараевогийн өвлийн олимпийн үеийн тэшүүр болон цанын замуудын нуранги болох бэтонон хананууд графити зургаар эрээлэгджээ. Залуус дургүйцлээ илэрхийлдэг нэг хэлбэр юм даа.

Дүүжин замыг нээх ёслол 2018 оны 3 дугаар сард болж, Сараево хотоос гаралтай Ambasadori хамтлаг “Трэбэвик- хотдоо эргэн ирлээ” дуугаа өргөхөд цугласан олон нулимс дуслуулан хүлээн авчээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.