Цэс Close

Гэнэт халагдахын жаргал буюу Сарри одоо ч “Ювентус”-аас цалингаа авдаг

[cmsmasters_row data_shortcode_id="1tuvx1ivgs" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="r89khge3oq" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="8hkk8407sl" animation_delay="0"]

Маурицио Сарриг мөдхөн Италийн “Фиорентина”-гийн ахлах дасгалжуулагчийн албанд очиж магадгүй гэх яриа гарах болжээ. Гэвч үүнд итгэхэд бэрх юм. Зүгээр суугаад жилийн 5.5 сая еврогийн цалин халааслах боломж байхад ажил хийгээд үүнээс багыг авья гэж бодох хүн байх уу? Юүн тухай яриад байгааг илүү тодруулж өгүүлье.

Маурицио Сарри өнгөрсөн наймдугаар сард “Ювентус”-ын ахлах дасгалжуулагчийн ажлаас халагдсан. Түүнийг гэрээ дуусахаас өмнө гэнэт халсан тул гэрээний дагуу цалинг нь өгсөөр байгаа юм. Хэрвээ Сарри өөрөө гомдол гаргаж, гэнэт халагдсаны нөхөн төлбөр авья гэвэл шүүхээр асуудлыг шийдэх болно. Шүүхээр асуудлаа шийдүүлж, тодорхой хэмжээний мөнгө нөхөн төлбөрт авсны дараагаар л сая “Фиорентина”-гийн дасгалжуулагч болох боломжтой юм.

Гэтэл тэгэх хэрэг байна уу? “Фиорентина” түүнд жилийн 5.5 сая евро өгч чадахгүй. Зүгээр сууж байгаад авч буй энэ мөнгөө гэрээ дуустал дуугүй халаасалж байгаад гэрээний хугацаа дууссаны дараагаар Флоренцийн багтай тохиролцвол илүү ашигтай гэж өмнө нь банкинд олон жил ажилласан хүний хувьд Сарри мэдэхийн дээдээр мэдэж буй нь дамжиггүй.

Ингээд Андреа Пирло “Ювентус”-ын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байхад өмнөх дасгалжуулагч нь халагдсан хэрнээ цалингаа өнөө хүртэл авсаар л явна.

Ер нь Италийн дасгалжуулагчид чамгүй зальтай хүмүүс. Тэд бие төлөөлөгч /агент/ болон хуульчдаараа дамжуулаад клубтэй маш ашигтай гэрээ хийчихдэг. Хэрвээ гэрээ дуусахаас өмнө халбал клуб ихээхэн хэмжээний нөхөн төлбөр өгөх ёстой болдог. Сарриг л гэхэд гэнэт халсны төлөө Турины клуб 20 сая евро төлбөрт өгөх ёстой. Тэгсний оронд жилийн 5.5 сая еврог нь өгч байгаад дуусгавал амар гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Энэ боломжийг л Сарри ашиглаад наран шарлагын газар амарч буй хэрнээ л ажиллаж буй Пирлогоос ахиу цалин хүртсээр байгаа юм. Хэрвээ Сарри ажлаа үгүйлээд, ажиллахаар шийдвэл түрүүн хэлсэнчлэн клубыг шүүхэд өгөөд, нөхөн төлбөр нэхчихнэ. 61 настай хүний хувьд жаалхүү шиг тэгж үсчиж гүйгээд байх хэрэг юу ч байх билээ. Анаж, азнаж байгаад аятайхан гэрээгээ дуусгаад дараагийн ажилдаа орсон нь амар биз.

Гэхдээ ганц Сарри ингэж диваажинд жаргаад буй хэрэг биш ээ. Лучано Спаллетти, Массимилиано Аллегри хоёр дэлхийн зэрэглэлийн дасгалжуулагчид хэрнээ аль нэг багт очилгүй гэртээ сууж буйн нууц мөн л үүнд оршино.

Аллегриг “Барселона”, “Интер”, “Манчестер Юнайтед” гээд хэд хэдэн багтай нэр холбож, мань хүн ч англи хэл сурч байна гэж хэсэг шуугиулсан. Гэвч үнэн хэрэгтээ амарсаар л байгаа. Зүгээр ч амралгүй “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт хүртэл оролцож, зугаа цэнгэл дүүрэн яваа нь түүнд “Ювентус” урьдын адил цалинг нь өгсөөр байсантай шууд холбоотой. Аль хэдийнэ халагдсан 53 настай Аллегригийн “Ювентус”-тай байгуулсан гэрээ өнгөрсөн зун л дуусгавар болсон юм. Тэгэхээр тэр болтол тайван амарч аваад, одоо л жинхэнээсээ ажил эрчимтэй хайж эхлээд байна.

Лучано Спаллетти ч мөн адил. “Интер” түүнтэй гэрээгээ гэнэт цуцалсан тул цалинг нь гэрээний хугацаа дуустал өгөх үүрэгтэй. Цалингаа цагтаа авах үндсэн ганц ажилтай үлдсэн тул Спаллетти амар жимэр амьдарсаар байх ажгуу.

“Мөнгө чухал биш ээ. Гол нь тохирсон ажилд л очмоор байна” гэж Спаллетти мэдэгдэвч 2021 оны зун хүртэл “Интер”-ээс жилийн 4.5 сая еврогийн цалингаа авсаар байх учир яарах юу байх билээ. Үүнээс өмнө түүнийг дасгалжуулагчаар томильё гэсэн баг их өндөр цалин амлаж байж л урвуулах хэрэг.

За тэгэхээр, нөхөн төлбөр нэхэж аваад шинэ ажилд орох, эсвэл цалингаа гэрээний дагуу авсаар байгаад ажил хийлгүй өнгөрүүлэх гэсэн хоёр хувилбар байдгийг хэллээ. Үүн дээр бас гуравдагч хувилбар гэж бий.

Энэ бол гэнэт халсан дасгалжуулагчаа гэрээ дуусахаас өмнө дахиад томилох. Италийн “Женоа” 2016-2019 онд Иван Юричийг гурван удаа халж, мөн гурван удаа буцаан томилсон нь ийм учиртай. Нэгэнт гэрээний дагуу цалингаа авч буй тул эргээд ажиллаач гэж гуйдаг.

Дэлхийн аварга Фабио Гроссог ч “Брешиа” халчихаад 27 хоногийн дараагаар дахиад дасгалжуулагчаар томилсон нь ийм учиртай. Энэ тохиолдолд клуб ч, дасгалжуулагч ч алдагдал хүлээхгүй. Италид дасгалжуулагчид гэнэт халагдахын жаргалыг ингэж эдэлдэг жамтай.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах