Цэс Close

Миний хариуцсан шинэ жил

Төсөрхөөн хүрээтэй төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд давхар харьяалагддаг ухаантай... Гишүүддээ хаа нэг сургалт явуулж, багшаархан төсөл  хэрэгжүүлж, улиралдаа нэг уулзаж үр дүнгээ ярих төдийхнөөр үйл ажиллагаа хязгаарлагдана.

 Гэхдээ байгууллага л юм хойно хааяа бүрэлдэхүүнээрээ цуглана, баар саванд орох, баярлаж хөөрөх юм гарнаа. Ялангуяа монголчууд бидний шинэ жил тэмдэглэх сүр жавхлант ажиллагааг хаанахын хэнбугай ч, бүр хоолой боосон хорт утаа ч зогсоож дийлэхгүйг хэлэх үү.

Үндсэн ажлын тайлан, ирэх жилийн төлөвлөгөө  мэтэд даруулаад үнсэн саарал царайлчихсан гүйж явтал ТББ-ын менежэр маань ярьж байнаа.... Энэ жил таны ёолк зохион байгуулах ээлж гэдгийг мартаагүй биз...бэлтгэл ажил энээ тэрээ юу болж байна... цинннн... цнцрнн.. думца думца гэсс...

Юмны цагийг тулгаж, түргэн авч түнтэгнэж сураагүй биш... 30 хүний захиалга өгчих ресторан хайлаа, гурван хүний ч зай байхгүй пиг дүүрчээ... 2 хүнээ урамшуулчих шагнал сурлаа, хаа газрын одонгийн нөөц дуусчээ, урлаг соёлын үзүүлбэр эрлээ, одууд байтугай оюутнууд нь сураг тасраад хаданд гарчихчээ... Хулдаасан хэвлэлүүд хүртэл анонсны захиалгадаа хахчихаж...Өргөмжлөл хийдэг газрууд өнгөт принтерийн хороор суучихаж...  Ингээд миний муугаас болоод энэ хэд маань ёолкгүй хоцрох нь гэхээс гол зурж, гомдол эгшээд болдоггүй...

Сандрахаар л санаанд буудаг сайн найзууд руугаа хоолойгоо цахиртал ярилаа, зарын сонин шүүлээ, фэйсбүүк группуудийг нэгжлээ... тэгж тэгж "Шинэ жилийн иж бүрэн үйлчилгээ, урлагийн номертой багц” гэгчийг оллоо, ярилаа. Зохион байгуулагч нь гэх нүсэр том биетэй эмэгтэй, жолооч нь бололтой   жижигхэн туранхай залуу хоёртой нүүр тулж уулзлаа, үнэ хөлс, өдөр судраа тохирлоо. Үүнээс цааш жинхэнэ хошин шог өрнөнө... юун дээлтэй ах маангаа татаад гүзээтэй даргад хөөгдөх...

Бидний 28 нөхдийг (2 нь хүндэтгэх шалтгаанаар ороогүй)   урт нарийхан ширээний 2 талаар, өөд өөдөөс нь харуулаад жижиг өрөөнд суулгалаа... Үгүй яахав.. зассан идээ, заалны чимэглэл, настертай гоёсон хүмүүс, намуухан эгшиглэх лааст кристмас гэбимахо нтр бол хаанаас нь ч харсан шинэ жил ээ...

Нээлтийн фонфар явж, хөтлөгчид тайзнаа гарч ирлээ, нэг л танил царай... Тэгсэн нөгөө надтай уулздаг хөвсгөр хүүхэн маань уртоо гэгчийн  цэнхэр саатай палааж өмсөөд, хавчгар залуу маань хар костюмаар гангарчихсан хавтас бариад зогсч байх юм..

Тэгээд л, Ширхэглэн будрах  цагаан цастай... бла бла ..

Сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй цоглог хоолойгоор жижүүрийн үгс урсч, Тэргүүн маань нээлтийн үг хэлж, эхний хундага харжигнаж, хоёр талын жигүүрээс ширээний дарга нар тодорч... биеэ барин цэмцийж суусан хүмүүс тавирч... болдог юм болдгоороо өрнөж эхэллээ. Би ч уужрав.

Жолооч... бишээ хөтлөгч залуу маань нэг харахад зөөгч болчихоод байгааг эс тооцвол ерөнхийдөө дажгүй... Урлагийн тоглолт тухлан үзнэ үү... боллоо. Хөвсгөр хүүхэн палаажаа солиод дуулж байх юм. Дараагийн дууг жолооч, хөтлөгч, зөөгч ... за за ерөөсөө хавчгараараа л явъя... Мань залуутайгаа дуэтэллээ, дахилт хооронд нь гараа алдлан шүлэг уншиж биднийг хөгжөөгөөд л...

Хэсэг хугацааны дараа илбийн үзүүлбэр зарлагдлаа ... Хавчгар маань цагаан бээлий углаж, өндөр хар малгай духдуулан хайрцаг тэвэрч гарч ирээд дотроос нь тагтаа нисгэж нтр... Тэгснээ уянгын ая явтал хөвсгөр нь Тэргүүнийг, хавчгар нь намайг урьж бүжиглээд... хүмүүс дагаж босоод... Урт ширээнийхээ хоёр талаар ухаан мэдрэлгүй найгав, дискодов... Найр хавтгайрч, халсан хүмүүсийн дуу чангарч, зарим нэг нь шагнал урамшуулал өгсөнгүй гэхэрхүү агсам тавих маягийн болж, мань мэт ч хүн хэлэлтгүй манаралтын төлөвт шилжив...

За ингээд.... Цас мөсний орноос... цалин цагаан өвөө цасан охиноо дагуулсаар... Ээ бурхан минь... Хавчгар  маань өвгөний хувцас өмсөөд цагаан палааж угласан хөвсгөр хүүхнээ хөтөлсөөр орж ирж, манай байгууллагыг дараа жил 20 хувийн хөнгөлөлттэй үнээр шинэ жил тэмдэглэх эрхийн бичгээр шагнасныг бүүр түүрхэн гардаж аваад л кадр тасарсан байдгын :)))

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах