Бьелса тэмцэлгүй гоол алдахыг тушаасан нь буюу шударга өрсөлдөөний төгс жишээ

Бьелса тэмцэлгүй гоол алдахыг тушаасан нь буюу шударга өрсөлдөөний төгс жишээ

Английн Чемпионшип лигээс Премьер лигт дэвших нь спортын хувьд том амжилтаас гадна мөн санхүүгийн хувьд шууд 150 сая паундын орлого нэмэгдэх амттай шагнал дагуулдаг.

Гэхдээ Ноён Солиот хочит Марсело Бьелсагийн хувьд амжилт, мөнгөнөөс илүүтэй шударга өрсөлдөх нь хамгийн эрхэм гэдгийг эдүгээгээс жил хагасын өмнөх нэгэн явдал нотолсон юм.

2019 оны дөрөвдүгээр сард Чемпионшип лигийн 45 дугаар тойрогт “Лидс”-ийнхэн талбайдаа “Астон Вилла”-г хүлээн авлаа. Хэрвээ энэ тоглолтод “Лидс”-ийнхэн буюу тогоснууд хожвол лигтээ хоёрдугаар байраа баталгаажуулж, ирэх улирлаас Премьер лигт дэвших тун хариуцлагатай, маш чухал тоглолт байв.

72 дахь минутад Матеуш Клих гоол оруулж, маш чухал хэрэгтэй гурван оноондоо тогоснууд тун дөхөв. Гэвч Клихийн гоол оруулсан довтолгооны эхэнд “Астон Вилла”-гийн нэгэн тоглогч гэмтэж, талбай дээр хэвтсэн байлаа. Шүүгч тоглолтыг зогсоо гэж шүгэл үлээгээгүй учир “Лидс”-ийнхэн үүнийг үл ойшоон довтлоод гоол оруулсан тул өрсөлдөгч багийнхан ихэд эгдүүцэж, талбай дээр маргаан үүсэв. Маргаан ч гэж дээ, зууралдаан гэвэл илүү онох биз. Ингээд “Вилла”-гийн Анвар Эль-Гази өрсөлдөгчөө цохисон гэх хэргээр улаан хуудас авч, зочин багийнхан муу дээрээ муу муухай дээрээ улцан гэгчээр бүр ч хэцүү байдалд орлоо.

“Астон Вилла”-гийн туслах дасгалжуулагч Жон Терри байх ёстой бүсээсээ зад үсэрч гарчих гээд биеэ арайхийн барина. Гэтэл Марсело Бьелса гэнэтийн хэний ч санаанд оромгүй шийдвэр гаргасан юм.

Талбай төвөөс бөмбөгийг тоглолтод оруулах өрсөлдөгчтэйгээ г огт тэмцэлгүйгээр хаалгандаа гоол алдахыг багийнхандаа тушаах нь тэр. Ингээд “Вилла”-гийнхан “ногоон гэрэл”-ээр гүйж ороод огт өрсөлдөөнгүйгээр хариу гоол оруулж, тоглолт ч 1:1-ээр өндөрлөсөн.

Ингэснээр Чемпионшип лигийн тэр улиралд “Норвич” магнайлж, харин “Шеффилд Юнайтед” аман хүзүүдсэнээр Премьер лигийн эрхээ шууд өвөртөлсөн.

Харин “Лидс”-ийнхэн “Дерби Каунти”, “Астон Вилла”, “Вест Бромвич”-ийн хамтаар плей-оффт өрсөлдөж байж дээшээ дэвших ёстой болов.

Харамсалтай нь Бьелсагийн өгөөмөр сэтгэлийн хариу ирсэнгүй.  Түүний баг плей-оффт ялалт байгуулж чадалгүй, Чемпионшип лигтээ үлдэж хоцорсон юм. Тэгвэл өнөөх “Астон Вилла” плей-оффт “Дерби”-г хожсоноор Премьер лигт дэвшин хөгжин хөөрөлдсөн түүхтэй.

Гэхдээ Марсело Бьелсагийн тогоснууд удаахь улиралдаа лигтээ магнайлснаар эдүгээ Премьер лигт дэвшин тоглож буй билээ.

Тухайн тоглолтын дараагаар болсон явдлын талаар эргэн дурсая. “Клих биднээс уучлалт гуйсан. Тэр явдлын дараа Бьелса уучлалт гуйгаад, ийм юм байж болохгүй гэж надад хэлсэн. Ер нь шударга өрсөлдөөний хамгийн төгс жишээ энэ боллоо. Тэр явдлаас өмнө тоглолт үнэхээр ширүүн сайхан өрнөж байсныг би бас хэлмээр байна” гэж “Астон Вилла”-гийн ахлах дасгалжуулагч Дин Смит өгүүлжээ.

Харин Марсело Бьелса “Бид тэдэнд энэ гоолыг өгчихье гэсэн юм. Үүнийг та бүхэн бүгдээрээ харлаа. Английн хөлбөмбөг бол ширүүн өрсөлдөөнөөрөө алдартай. Энэ гоолын талаар өөр хэлээд байх юм алга. Английн аль ч лигт шударга өрсөлдөөний зарчмыг дагадаг гэж би бодож байна” хэмээн өгүүлсэн юм.

Ингэж Бьелса шууд Премьер лигт дэвших боломжоосоо өөрөө татгалзаж, харин жилийн дараагаар магнай тэнэгэр мэлмий дээгүүр зорьсон лигтээ орж ирсэн билээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.