Хөлбөмбөгчдөд баяжих замыг зааж, эрх чөлөө олгосон Босманы хэрэг

Хөлбөмбөгчдөд баяжих замыг зааж, эрх чөлөө олгосон Босманы хэрэг

Европын багуудад гадаадын олон хөлбөмбөгч тоглох эрхийг нээж өгсөн хүн бол Жан-Марк Босман. Дээд боловсрол эзэмшиж амжилгүйгээр хөлбөмбөгчийн замналаа эхлүүлсэн дундаж тоглогч. Тэр гараашинд амьдарч байсан ч шударга ёсны төлөө тэмцсээр эцэстээ ялалтад хүрсэн юм. Ялалтынхаа үр шимийг тэр өөрөө хүртээгүй ч одоо цагийн хөлбөмбөгчид түүний буянаар клубынхээ боол бололгүй, цалин мөнгөөр “бялуурах” зам руугаа чиглэсэн байна. Босман эхлээд зөвхөн өөрийнхөө төлөө зүтгэсэн байж болох ч хожмоо хөлбөмбөгийн түүхэн дэх хувьсгал хэмээн нэрлэгдсэн юм.

Жан-Марк Босман гайхамшигтай гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж явсан удаагүй ч гэсэн хөлбөмбөгийн түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн нэгэн. Босман олон хүний хийхийг хүсдэг, ярьдаг ч гэсэн хэрэгжүүлж чаддаггүй нэгэн зүйлийг хийчихсэн юм. Тэр ганцаархнаа бүтэн тогтолцоог ганцаараа нурааж чадсан гавьяатан.

Гэхдээ түрүүн өгүүлсэнчлэн эхлээд Босман зөвхөн өөрийнхөө л замыг дагаж явжээ. Бельгийн “Льеж”-тэй байгуулсан гэрээ нь дуусгавар болоод байлаа. Гэтэл тухайн үед гэрээ нь дуусгавар болсон ч гэсэн хөлбөмбөгчийг клуб өөрийнхөө мэдэлд хоёр жил хагас байлгах эрхтэй байв. Өөрөөр хэлбэл, гэрээ нь дуусчихсан хэрнээ дахиад хоёр жил хагас яг клубын хэлснээр байх ёстой байлаа. Тэр үед Францын “Дюнкерк”-ээс Босманд харьцангуй өндөр цалин амлаж, санал тавьжээ. Гэвч “Льеж” Босманыг дэндүү өндөр үнээр зарах гэсэн тул Францын баг бодлоосоо няцсан байна. Тэгсэн хэрнээ “Льеж”-ийн удирдлага Жан-Марк Босманд өмнө нь өгч байснаасаа 75 хувиар бууруулсан цалин өгөхөөр тулгажээ. Гэр бүлээ тэжээх ёстой эр хүн Босман үүнийг хүлээн зөвшөөрч чадсангүй. Ингээд шүүхэд хандахаар болов.

Эхний ээлжинд Босман өмгөөлөгч олох хэрэгтэй боллоо. Ойрхон орших өмгөөллийн товчоонд ортол залуухан, туршлага муутай өмгөөлөгч Жан-Луи Дюпон түүнийг угтан авав. Босманы нэхэмжлэл, санаа Дюпоны сонирхлыг ихэд татжээ. Ингээд тэд хамтрахаар болсон байна. Туршлагагүй өмгөөлөгч Дюпон эхлээд “Льеж” клубын удирдлагыг шүүхэд өгчээ. Гэвч энэ асуудал ганц клубын хэмжээнээс хэт өргөсч, аажимдаа Хөлбөмбөгийн ертөнцийн оргил байгууллагатай тэмцэх хувьсгал болон хувирах нь тэр. Эхэндээ Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо болон Европын Хөлбөмбөгийн Холбооныхон Жан-Марк Босманы хэргийг ойшоож үзсэнгүй. Хэний ч танихгүй шахам нэгэн хагас хамгаалагч хэрүүл зарга үүсгээ л биз гэж бодож. Гэвч сүүлдээ хэрэг явдал өндөр авч, Хөлбөмбөгийн тэр үеийн тогтолцоог ганхуулж эхлэх үед томоохон албан тушаалтнууд чамгүй мөнгө Босманд амлаж, нэхэмжлэлээ татаж авахыг хүсч эхлэв. Гэлээ ч Босман энэ бүхнийг мөнгөний төлөө бус шударга ёсыг тогтоохын тулд эхлүүлсэн тул авлигад автсангүй.

Бүтэн таван жил шүүхээр явсны дараагаар Жан-Марк Босман ялалт байгуулж чаджээ. Энэ он жилүүдэд зөвхөн хөлбөмбөгийн хүрээнийхэн бус дэлхий нийтээрээ ганц хүн бүтэн тогтолцооны эсрэг тэмцэж буйг анхааралтай ажсаар байж.

Гаж тогтолцооны толгой дээр гараад гагнагдчихсан албан тушаалтнууд Жан-Марк Босманыг яаж ч чадсангүй. Авлига өгөөд авахгүй, хөнөөчихье гэхээр дэндүү олон улсад танигдсан хүн болчихсон тул хэрэгтэн нь хэнд ч ойлгомжтой болчих гээд болохгүй байсан хэрэг. Жан-Марк Босман шүүхэд ялалт байгуулснаар хөлбөмбөгт яг юу өөрчлөгдсөн бэ? Яагаад хувьсгал гээд байгаа юм бэ? гэж бодож буй хүн бий байх. Тэгвэл энэ ялалт нь гэрээ дууссан хэрнээ хөлбөмбөгч клубын эрхшээлд 2.5 жил байдаг боолын гэмээр ёсыг устгаж, гэрээ дуусмагц хөлбөмбөгч өөр багт үнэгүй, өөрийн хүссэнээр очих боломжийг цэлийтэл нээж өгсөн юм.

Мөн энэ ялалт бол хөлбөмбөгчдийн цалингийн өсөлтийн хувьд том хувьсгал байлаа. Өмнө нь клубүүд хөлбөмбөгчдийг 2.5 жил эрхшээх их эрхдээ эрдэж, бага цалин тулгаж, цалин нэмдэггүй байв. Гэтэл хөлбөмбөгчид гэрээ дуусгавар болмогц өөр баг руу явчихаж болох болсон тул клубүүд гэрээ дуусахаас нь өмнө илүү өндөр цалин амлаж, гэрээг сунгахаас өөр аргагүй байдалд хүрэх болжээ. Мөн өөр багт очихдоо хөлбөмбөгчид ч өндөр цалинтай гэрээ байгуулах боломж нээгдэж, үндсэндээ цалинг олон жилийн турш хиймлээр барьсан боолын ёс устсан байна.

Үүнээс гадна Жан-Марк Босман шүүх дээр мөн Европын нэг багт гурван гадаад хөлбөмбөгч л тоглох эрхийн эсрэг тэмцэл өрнүүлжээ. Тухайн үед Европын клубт гадаадын гурван л хөлбөмбөгч тоглох эрхтэй байлаа. Энэ гурван легионер дээр клубын харьяалагдах улсад тав болон түүнээс дээш жил амьдарсан гадаадын хоёр хөлбөмбөгч нэмэгдэж 3+2 буюу нийт таван хөлбөмбөгчийн л орой зай нэг багт байж. Гэтэл Ромын гэрээнд Европын Холбоонд багтдаг улсын иргэд ажлын байраа чөлөөтэй сонгох, солих эрхтэй гэж заасан байжээ. Үүн дээр дөрөөлөн Жан-Марк Босман нэг багт гурван легионер байх нь тус гэрээг зөрчсөн явдал хэмээн заргалдсаар заргаа авчээ.

Энэ ялалтын дараагаар Европын багт Европын Холбоонд багтдаг улсын хэдэн ч хөлбөмбөгч тоглож болно гэсэн шийдвэрийг гаргасан юм. Одоо цагт нэг багт гадаадын олон хөлбөмбөгч цуглачихаад байгаагийн гол үндсийг тэр ингэж тавьсан хэрэг.

Гэхдээ Босман Бельгийн “Льеж”-ээс 10 сая ам.доллар нэхэмжлэн шүүхдсэн ч үр дүндээ 500 мянган ам.доллар авч салсан гэдэг. Энэ нь олон жилийн шүүх хурал, өмгөөлөгчийн цалин гээд өөрт нь үлдэж хоцорсон зүйл бараг үгүй юм билээ. Бүр гэр бүлийнхэн нь хүртэл таван жил ажил хийлгүй шүүхээр гүйсэн түүнийг хаяж, эхнэр нь хүүхдээ аван салж оджээ. Найз нөхөд нь ч гэсэн заргач Босманаас зайгаа барьсан тул тэрбээр эхийнхээ гэрийн гараашинд амьдарч, хааяа гашуун нясуун эд амсчихдаг болж.

Гэвч үнэн хэрэгтээ Жан-Марк Босман тийм ч заргач эр байгаагүй гэдэг. Харин түүний өмгөөлөгч Жан-Луи Дюпон шүүх дээр ялалт байгуулсан бүх гавьяаг өөр дээрээ авах гэж их зүтгэсэн юм билээ. “Босман шантрах гээд байсан ч би л зүтгүүлсэн” гэж ярих нь бол энүүхэнд байж. Францын Canal+ телевизийнхэн Жан-Марк Босманы нэрэмжит хөлбөмбөгийн тоглолт зохион байгуулсан ч орлогоос нь сохор зоос ч түүнд өгөлгүй “луу унжжээ”. Хэдийгээр шүүх дээр ялалт байгуулсан ч гэсэн амьдрал дээрээ Босман ялагдчихсан байлаа. Түүнийг бүгд л таагүй хүлээж авна. Өөр нэг ч багтай гэрээ байгуулж чадсангүй. Уг нь цаашид тоглох хүсэл нь оргилж байж.

Найз нөхдөөс нь Марк Ван Боммель, Дегрис нараас бусад нь түүнийг ил дэмжихээ больжээ. Хэдийгээр олон хүн буйдхан газар, хоёулхнаа уулзаад түүнд баярлаж явдгаа илэрхийлсэн ч гэсэн түүнийгээ олны өмнө ил гаргахаас цэрвэж байв.

Одоо Жан-Марк Босман нийгмийн халамжийн 715 еврогоор амьдардаг. Нэр хүнд муутай, боловсролгүй Босман аятайхан ажил ч олох их хэцүү гэнэ. “Ядуу ч гэсэн бардам үхье. Хувьсгалчид нэг бол эрт үхдэг эсвэл ядуурал гуйланчлал дор амьдардаг гэнэ билээ. Үнэхээр тийм юм шиг байна” гэж Жан-Марк Босман нэгэнтээ өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.