Марадонагийн тухай онцлох 8 баримт

Марадонагийн тухай онцлох 8 баримт

Дэлхийн спортын түүхэн дэх аугаа тамирчин, дэлхийн аварга Диего Армандо Марадона өчигдөр тэнгэрт халилаа. 60 насны төрсөн өдрөө тэмдэглээд сар ч болоогүй байхдаа түүний зүрх зогсчээ.

Төрсөн өдрийнхөө дараагаар Марадона эмнэлэгт хэвтэж, тархиндаа мэс засал хийлгэсэн юм. Эмнэлгийн үүдэнд олон фанат цугларч, шүтээнээ хурдхан эдгэрч гараасай хэмээн хүлээж, гарахад нь баярлан хөөрцөглөж байв.

Марадона насан туршдаа хөлбөмбөгөөсөө алхам ч холдоогүй юм. Сүүлийн ажил нь л гэхэд Аргентины “Химнасиа”-гийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байлаа.

Диего Армандо Марадонагийн амьдралын онцлох баримтуудыг дурьдая.

Баримт 1. Ядуусын хорооллын хүү

Диего Армандо Марадона Франко 1960 оны аравдугаар сарын 30-нд Аргентины нийслэл Буэнос-Айресийн ядуусын хороололд фабрикийн ажилчны найман хүүхдийн тав дахь нь болон мэндэлжээ. Тэрбээр 1976 онд 16 нас хүрснээсээ хойш хэдхэн хоногийн дараагаар Аргентины Нэгдүгээр дивизионы “Аргентинос Хуниорс”-ын бүрэлдэхүүнд анх гарч тоглосон юм.

Баримт 2. Зууны шилдэг

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн аугаа тамирчин хэн бэ? гэх асуултад хүн бүр Диего Армандо Марадонагийн нэрийг дурьдахгүй байж чаддаггүй. Хосгүй авъяастай энэ тамирчин 1986 онд Аргентины шигшээ багаа ахлан, уран гайхамшигтай тоглолтоороо дэлхийн зон олныг уулга алдуулан дэлхийн аварга болсон юм.

2000 онд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос “Зууны шилдэг хөлбөмбөгч”-ийг тодруулахаар санал асуулга явуулахад Диего Марадона хол тасархай тэргүүлсэн байдаг.  Дэлхийд гурвантаа түрүүлсэн Пеле хүртэл түүнтэй мөчөөрхөж чадахааргүйгээр хол хоцорсон юм. Гэвч ОУХХ-ноос Марадона, Пеле хоёрт хоёуланд нь “Зууны шилдэг хөлбөмбөгч”-ийн алдрыг олгосон түүхтэй.

2010 онд ДАШТ-ий түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгчийг The Times тодруулахад Диего Марадона мөн тэргүүлсэн юм.

Баримт 3: Бурханы гар

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх түүхэн дэх хамгийн алдартай гоолд 1986 оны ДАШТ-ий шөвгийн наймд Английн шигшээгийн хаалганд талбайн төвөөс бөмбөгөө туусаар зургаан тоглогчийг хуурч оруулсан гоол нь бичигддэгээс гадна мөн “Бурханы гар” гэж өөрийнх нь нэрлэсэн гараараа оруулсан гоол мөн тэмдэглэгдсэн.

Фолклендийн арлын төлөөх Англи, Аргентины дайн дуусаад тун удаагүй байхад хоёр улсын шигшээ багийнхан ДАШТ-ий талбайд таарсан учир Диего Марадона ямар ч үнээр хамаагүй хариугаа авахаар шийдэн гарсан гэдэг. Тэрбээр өөрөөсөө нуруугаар хавьгүй өндөр Петер Шилтоны эсрэг гарахдаа гараараа бөмбөгийг цохиж гоол оруулсан юм. Шүүгч гоолыг толгойгоороо мөргөж орууллаа хэмээн харж, “Ацтек”-т цугласан түмэн фанат галзууран баярлаж байлаа. Тоглолтын дараагаар Марадона гоолоо “Бурханы гар” гэж нэрлэх болно. Түүнийг 60 нас хүрэхэд тэгж гоол оруулсандаа харамсдаг эсэхийг асуухад “Үгүй ээ, харамсах юу байхав. Харин ч дахиад Англичуудтай тоглодог юм бол баруун гараараа гоол оруулмаар байна” хэмээн хэлсэн юм.

Харин Марадонагийн Английн хаалганд оруулсан нөгөө гоолыг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос “Зууны гоол”-оор нэрлэсэн юм.

Баримт 4. Хар тамхинд донтогч

1991 онд Италийн “Наполи”-д тоглож байхдаа Диего Марадона допингийн шинжилгээнд бүдэрсэн юм. Түүний шинжилгээний хариу нь хар тамхи хэрэглэснийг нотолсон байна. Ингээд хөлбөмбөг тоглох эрхийг нь 15 сарын хугацаатай хассан. Мөн мафийн бүлэглэлтэй холбоотой эсэхийг олон сараар мөрдөн шалгасан.

Аргентиндаа байхдаа ч хар тамхи хадгалсан хэргээр баривчлагдаж байв. 1994 оны ДАШТ-ий хэсгийн эхний тоглолтод Грекийн хаалганд гоол оруулсны дараагаар дахин допингийн шинжилгээнд бүдэрч, хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсоноор тэмцээнээс хасагдсан түүхтэй.

1995 онд Аргентиндаа очиж, “Бока Хуниорс”-ын төлөө тоглож байхдаа мөн допингийн шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдож, улмаар хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлэхэд хүрсэн.

Баримт 5. Коммунистуудыг дэмжигч

Диего Марадона улс төрийн үзэл бодлын хувьд коммунистуудыг дэмжигч, АНУ-г шүүмжлэгч байлаа. Тиймээс ч гартаа Че Геварагийн дүр бүхий шивээс хийлгэж, харин хөлдөө Кубын удирдагч Фидель Кастрог шивээс болгон мөнхөлсөн байдаг. 2013 онд Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийг нас барахад оршуулгын ёслолд нь оролцож “Уго Чавесийн залгамжлагч Николас Мадурог сонгоорой” хэмээн уриалж байв.

Фидель Кастротой байнга шахуу утсаар ярьж, Кубад байсхийгээд очиж олон хоногоор амардаг байлаа. Хар тамхины хамаарлаас ангижрах эмчилгээгээ ч Кубад хийлгэсэн юм.

Баримт 6: Дэлхий тэнхлэгээ эргэхээ больж, түр зогсов

“Хэдэн сая хүнийг нэгэн зэрэг суудлаас нь өндөлзүүлэхэд нь дэлхийн тэнхлэгээсээ алдуурчих дөхсөн. Английн хаалганд гоол оруулахад дэлхий ганхсан юм. Хэдийгээр гараараа оруулсан ч гэсэн тэр гоол шударга ёсны шийтгэл байсан учраас дэлхийн эргэлтээ түр зогсоогоод урьдын адил нарыг тойрон эргэж эхэлсэн юм. Тэр гоолд бурхан оролцсон нь гарцаагүй. Өрөнд баригдсан буурай орон дэлхийд ноёрхогч гүрнийг өмнөө сөгдүүлсэн цөөхөн тохиолдлын нэг нь тэр. Аргентины шигшээ гоол орууллаа! Гоол. Алдарт Диего Армандо Марадона! Гоол ч биш яруу найраг мэт. Энэ бол энэ эриний шилдэг гоол. Ийм гоолыг дэлхий дахин мөнхөд санах болно. ДАШТ-ий хамгийн шилдэг тоглогч бол Диего Марадона” хэмээн түүний тухай өгүүлсэн Эмир Кустурицагийн баримтат кинонд өгүүлдэг.

Баримт 7. Аргентин бол Марадона

1997 онд гарсан Диего Марадонагийн тухай номонд сэтгэл судлаач, зохиолч Густаво Бернштайн өгүүлэхдээ “Марадона бол бидний байж болох хамгийн шилдэг хувилбар. Аргентин хүнийг түүнээс илүү илэрхийлж чадах нэгээхэн ч байхгүй. Хэн ч Аргентин хүн гэх шошгыг түүн шиг зүүж, харуулж чадахгүй.

Хэн ч сүүлийн 20 жилд Аргентины ард түмнийг түүн шиг баярлуулж чадаагүй. Аргентин гэдэг Марадона. Марадона гэдэг бол Аргентин юм” хэмээн дурьдсан байдаг. Аргентинд Диего Марадонагийн нэрэмжит олон зүйл байдгаас гадна сүм хийд хүртэл бий. Тэнд төрсөн өдрөөр нь олон зуун хүн цуглаж, талархлаа илэрхийлэлдэг уламжлалтай.

Баримт 8. Төгсгөл

Марадона тархиндаа мэс засал хийлгэж, гэртээ гарснаас хойш бие нь базаахгүй байжээ. Тиймээс энэ сарын сүүлчээр эмнэлэгт дахин очиж, нарийн шинжилгээ хийлгэх ёстой байв. Лхагва гаригт буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд гэртээ байхдаа бие нь муудсан тул түргэн дууджээ. Нэгэн зэрэг хэд хэдэн түргэн тусламжийн машин яаран ирсэн ч домогт хөлбөмбөгчийг аварч чадсангүй. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар түүний зүрх зогсчээ. Аргентин даяар гурван хоногийн гашуудал зарлаад байна.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.