Зидан: Би зугтдаггүй, гэхдээ үлдэх цаг бас явах цаг гэж байдаг!
Испанийн “Реал Мадрид”-ын ахлах дасгалжуулагчийн ажлаа улирал дуусгаад Зинедин Зидан өгөх гэж байгаа тухай мэдээ түгсээр байна.
“Севилья”-тай хийх тоглолтын өмнө Зидан энэ шийдвэрээ хөлбөмбөгчдөдөө дуулгасан гэх мэдээ хүртэл гарчээ. Тус цуу ярианд Францын домогт хөлбөмбөгч ийм хариулт өглөө.
“Би цаашид яг юу болохыг сайн мэдэхгүй учир юу хэлэхээ ч сайн мэдэхгүй байгааг минь уучлаарай. Маргааш бид нэг тоглолттой. Тэгээд дараа нь нэг тоглолт бий. Харин түүний дараа юу ч болж мэднэ. Энэ чинь “Реал Мадрид” шүү дээ. Энд үргэлж л таамаглашгүй үйл явдлууд өрнөж байдаг. Яг одоо бол би зөвхөн өнөөдрөө бодож, урагшаа ч, арагшаа ч харахгүй.
2006 онд хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлэхэд, 2018 онд дасгалжуулагчийн ажлаа өгөхөд минь хариуцлагаас зайлсхийлээ гэх мэт яриа гарч байсан. Асуудал хүндрээд ирэхээр л явчихдаг гэж хүртэл ярьж байлаа. Гэвч үгүй дээ, би зугтдаггүй.
Би ажилдаа өөрийгөө бүрэн зориулсныхаа дараагаар өөрчлөлт хийх шаардлагатай үе ирдэг юм. Зөвхөн би ч биш багт өөрчлөлт хэрэгтэй үе гэж байдаг. Зугтах бол хамгийн амархан шийдвэр. Гэвч үлдэх ёстой цаг, явах ёстой цаг гэж байдаг юм. Зөвхөн миний хувьд ч биш бусдын хувьд ч гэсэн явах ёстой цаг ирдэг юм” хэмээн Зидан өгүүлжээ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх