Цэс Close

Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд Хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулжээ

Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого хариуцсан Түр хороо байгуулж байгаа юм байна. Түр хороо нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллах бөгөөд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарц, гаргалаа олох, эрх зүйн хэм хэмжээг олгох чиглэлээр ажиллана. Мөн нийслэлийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг сайжруулахад дэмжин тусалж, хянан шалгах хоттой холбоотой өмчийн тухай хууль, нийслэлийн эрхзүйн байдлын тухай гэх мэт хуулиудыг хэрэгжүүлэх, өөрчлөх чиглэлд ажиллах юм байна.

УИХ-ын гишүүн, Ж.Сүхбаатар: УИХ-аар Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэ удаа хуулийн нэрийг өөрчилж, Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль болгоно. Түр хороо байгуулагдахын ач холбогдол нь Түр хороо албан ёсны шийдвэр гаргадаг, албан ёсоор чиглэл, үүрэг даалгавар өгдөг. Бид бүхэн ажлаа ард түмэндээ тайлагнана. Түр хороо хотын түгжрэлийг шийдвэрлэхэд УИХ-аас эдийн засаг, эрх зүйн хувьд бүх талаар дэмжиж ажиллана гэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Түгжрэлийг шийднэ гэдэг бол нийгэм, эдийн засгийн олон асуудлыг давхар шийднэ гэсэн үг. Улаанбаатар хотын 67 хороонд сургууль, цэцэрлэг байдаггүй. Сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэх, авахаас түгжрэл үүсдэг. Хотын явган хүний болон дугуйн замын гадаадын улс орнуудын стандартад хүргэх, хотын аль ч дүүрэг, хэсэгт амьдарч байсан нэг стандартын үйлчилгээ авах боломжоор хангаснаар Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэж чадна гэж харж байна. Нийслэлийн 200 мянга гаруй иргэн гэр хороололд амьдарч байна. Эдгээр өрхийн 50 мянгыг нь л дэд бүтцэд холбох боломжтой. Харин бусад 150 мянган өрхийг орон сууцжуулах бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Ингэхгүйгээр ойрын 20-30 жилдээ хотын гэр хорооллыг дагасан асуудлууд шийдэгдэхгүй нь. Бид Засгийн газар болон Улаанбаатар хоттой хамтарч, тооцоо судалгаанд үндэслэн шийдвэрүүдийг гаргаж ажиллана. Хөрсний бохирдол, гэр хороололд тулгамдсан асуудлыг давхар шийдвэрлэж ажиллана гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах