Хууль санаачлагч болон ажлын хэсэг чуулганд оролцоогүй учраас НДШ-ийг 2 хувиар бууруулах төслийг хойшлуулав
УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын 23 гишүүн тавдугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. Тэрбээр "Монгол Улсын хүн амын 48 орчим хувь нь оршин суудаг, үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 66.7 орчим хувийг бүрдүүлж байгаа Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудал байна. Эдийн засаг нийгмийн бүх талын асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж,холбогдох хууль тогтоомжийн уялдааг хангах чиглэлээр ажиллах Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах талаар тогтоолын төсөл боловсрууллаа. Тогтоолын төслийг түр хорооны эрхлэх асуудлыг тодорхойлон байгуулах болон тогтоолыг дагаж мөрдөх хугацааг заасан хоёр заалттайгаар боловсруулсан бөгөөд тус хороо нь Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүдээс бүрдэнэ" гэлээ.
Ингээд Түр хороо байгуулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг УИХ-ын гишүүдийн олонх буюу 56.4 хувь нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдав.
Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асуух гишүүн байгаагүй тул эцэслэн батлахад бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахаар товлосон ч хойшлууллаа.
Учир нь хууль санаачлагч болон ажлын хэсэг байхгүй тул Дэгийн тухай хуульд зааснаар эцэслэн батлахыг хойшлуулна гэж заасан тул ийнхүү хойшлуулсан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.
Сэтгэгдэл үлдээх