Танилц: Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараахь хязгаарлалт
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургадугаар сарын 25 буюу энэ баасан гарагт У.Хүрэлсүх тангараг өргөснөөр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусах билээ.
Улмаар Х.Баттулга “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан турш авч, 3 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй” гэсэн байдаг.
Тэгвэл Төрийн тэргүүний бүрэн эрх дуусгавар болсны дараахь хязгаарлалтыг Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэлээд нэмж оруулжээ. Хууль зүйн яамнаас боловсруулсан уг төсөлд,
• “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно.
• Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно.
• Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
• Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.
Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараахь баталгаа:
• Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх цалин насан турш авна.
• Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.
• Ерөнхийлөгч байсан иргэн энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараахь хязгаарлалтыг зөрчсөн бол түүнд энэ хуулийн 24.1-д заасан цалин олгохыг зогсооно” гэжээ. Хуулийн төслийг долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлүүлэхээр шуурхайлж байсан ч намрын чуулганаас наашгүй болоод байгаа. Хэрэв энэ хууль батлагдсан бол шинэ, хуучин Ерөнхийлөгчид хоёуланд нь үйлчлэх байжээ. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болсон мөчөөс эхлэн одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд үйлчилнэ.
Сэтгэгдэл үлдээх