Европын АШТ-ий хэсгийн гурван тоглолтдоо ялалт байгуулсан ч гэлээ хасагдах эхний шатанд Нидерландын шигшээ баг Чехэд 0:2-оор бүдэрч, өрсөлдөөнөөс гарлаа.
“Улбар шарууд”-ын төвийн хамгаалагч Маттейс Де Лигт бөмбөгөнд санаатайгаар гар хүрч, өрсөлдөгчийн аюултай довтолгоог зогсоосны улмаас шууд улаан хуудас хүртэж, багаа арвууланг нь орхисон юм. Тиймээс ч тэрбээр хожигдсны гол буруутан нь гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
“Мэдээж, аймшигтай муухай байна. Надаас л болж хожигдлоо. Одоо бодоход, би тэр бөмбөгийг заавал тогтоох гэлгүй, зүгээр л орхичихдог байж. Шигшээ багийнхан маань тоглолтын санаачлагыг бүрэн авч, бүх юм хяналтанд байна гэж би бодсон. Өрсөлдөгчид аюултай довтолгоо хийхгүй ч юм шиг бодож байлаа. Гэвч миний тэр улаан хуудас том нөлөө үзүүллээ. Яагаад ч юм бид өнөөдөр их ядарлаа. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Манай багийн олон тоглогчийн хувьд замналынх нь хамгийн чухал тоглолт байсан учир хожихыг их хүссэн юмсан” хэмээн Де Лигт өгүүлжээ.
Р.Гэгээ
