Цэс Close

Б.Дөлгөөн: 10-300 сая төгрөг хүртэлх санхүүжилт авах хүсэлтэй ААН-үүдээс материал хүлээн авч байна

Монгол Улсын хэмжээнд 2020 онд  7.6 тэрбум ам.долларын экспорт хийжээ. Үүний 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Зөвхөн 5 хувь нь л уул уурхайн бус экспорт байна. Энэ л 5 хувьд харьяалагдах бүтээгдэхүүний экспортыг өсгөх, төрөлжүүлэх зорилготой “Экспортыг дэмжих төсөл”-ийн зохицуулагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрээр Дэлхийн банканд санхүүгийн зөвлөхөөр арав орчим жил ажилласан туршлагатай юм.

-Сайн байна уу? Юуны түрүүнд манай уншигчдад төслийнхөө талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Сайн байцгаана уу? Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн 20 сая ам.долларын санхүүжилттэй “Экспортыг дэмжих төсөл”-ийг 2016 оноос Сангийн яаманд хэрэгжүүлж байгаад 2020 оноос ХХААХҮЯ руу шилжүүлсэн байдаг. Энэхүү төсөл 2023 оныг дуустал хэрэгжинэ.

Манай Улсын хувьд экспорт маш харамсалтай түвшинд байна. Нийт экспортын 95 хувийг эзэлж буй уул уурхайн экспортыг задалж үзэхэд ихэнх нь нэмүү өртөг шингээгүй түүхий эд байдаг. Уул уурхайн бус экспортын 97 хувийг есөн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Эдгээр есөн бүтээгдэхүүний ганцхан нь бэлэн бүтээгдэхүүн байна. Тэр нь нэхмэл, ноолууран хувцас юм.

Экспортлогч ААН-үүд маш цөөхөн байдаг. Сүүлийн гурван жилд 1500 орчим ААН их, бага хэмжээгээр экспорт хийжээ. Гэхдээ нийт экспортын 70 орчим хувь нь 30 ААН-ээс хамааралтай байна. Эдгээр 30 ААН-ийн ердөө хоёр нь л бэлэн бүтээгдэхүүн экспортолж байгаа юм.

Сүүлийн гурван жилд манай улс 82 улс руу экспорт хийсэн. Үүний 97 хувь нь 11 улс руу хийгдсэн. Хамгийн их нь буюу БНХАУ руу нийт экспортын 80 орчим хувийг хийжээ.

“Экспортыг дэмжих төсөл”-ийн Түншлэлийн хөтөлбөр экспортлогч ААН, кластерт зориулсан гэсэн хоёр хэсэгтэй явагдаж байна.

  • ААН-д 10-150 сая төгрөг,
  • Кластерт 10-300 сая төгрөг хүртэлх буцалтгүй тусламж өгөх боломжтой.

Тодорхойлж хэлбэл манай төсөл уул уурхайн бус салбарын нэгжүүдийн экспортыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, төрөлжүүлэх, цар тахлын  үр нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Уг төсөл дараах бүрэлдэхүүн хэсэгтэй.

Экспортын даатгалын бүтээгдэхүүнийг бий болгож зах зээлд нэвтрүүлэх юм. Үүний дагуу шинэ бүтээгдэхүүнээ бид ирэх есдүгээр сард нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

  • Экспортын чадавхыг бэхжүүлэх. Үүн дотроо гадаад худалдааны бодлого зохицуулалтыг сайжруулах, чадавх бэхжүүлэх ажил багтана.
  • Олон улсад Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах.
  • Түншлэлийн хөтөлбөр.
  • Цар тахлын нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх,
  • Баталгаажуулалт, чанарын удирдлагыг сайжруулах
  • Төслийн үйл ажиллагааг дэмжих гэсэн бүрэлдэхүүн болон дэд бүрэлдэхүүн хэсгүүдтэй.

-Төслийн үйл ажиллагааны явцад ямар хяналтыг тавьж буй бол?

-Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй төсөл болохоор Дэлхийн банкнаас жилд хоёр удаа хяналтын баг ажилладаг. Энэ үеэр төслийн хэрэгжилт хэр өрнөж байна, цаг хугацаандаа хэрэгжих боломжтой байна уу, төслийн багийнхан төслийг үргэлжлүүлэх чадавхтай байна уу зэргийг хянадаг. ХХААХҮЯ-наас төслийн хэрэгжилтийн хяналтыг хийдэг. Мөн Үндэсний аудитын газраас санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийдэг.

ЭКСПОРТЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТЫГ ӨГӨХӨӨС ГАДНА ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ МАШ ЧУХАЛ

Бид уг төслийн Түншлэлийн хөтөлбөрийн ахлах бизнес хөгжлийн зөвлөх М.Баттулгаас төсөлд хэрхэн материалаа өгөх, ААН-үүд юунд илүү их анхаарах хэрэгтэй, экспорт бага байгаа шалтгаан зэрэг өргөн сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэрбээр хувийн хэвшлийн секторт дотоодын болон гаднын аж ахуйн нэгжүүдэд худалдаа, үйлдвэрлэл, банк санхүүгийн салбарт арав гаруй жил удирдах албан тушаал хашсан туршлагатай бөгөөд Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Бизнес хөгжлийн багийг ахалж ажиллаж байна.

-Манай улсын экспортын тухайд тулгамдаж буй асуудал нь юу байна вэ?

-Нэмүү өртөг шингээгүй түүхий эдийн экспорт давамгайлсан нөхцөл байдал үүссэн. Эцсийн бүтээгдэхүүн экспортлогч нар маш цөөхөн байна. Экспорт нэг улсаас хэт хамааралтай байгаа нь асуудалтай гэж хэлж болохоор байна. Одоо хэрэгжүүлж буй уг төсөл төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН-үүдтэй хамтран эдгээр асуудлаас гарч, шийдэл олох зорилготой.

-Түншлэлийн хөтөлбөрийн талаар илүү тодруулбал?

-Түншлэлийн хөтөлбөр түр хугацаанд зогсож байгаад 2020 оноос эхэлсэн. Өнгөрсөн онд бид уг хөтөлбөрийн үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор хуучин хэрэгжүүлж байсан нөхцөл байдалд судалгаа хийж, шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх үе шатанд бүтцийн өөрчлөлт зэргийг хийсэн. 2021 оноос бид Түншлэлийн хөтөлбөрөө эргэн нээсэн. 2023 оныг дуустал нийт есөн удаагийн цонх нээж, материал хүлээж авах юм. Нэгдүгээр цонхыг гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-н хүртэл нээн материал хүлээж авсан. Үүний үнэлгээний ажил үргэлжилж байна. Хоёрдугаар цонхыг энэ сарын 17-нд нээсэн. Энэ нь долоодугаар сарын 30 хүртэл үргэлжилж материал хүлээн авах юм.

-Экспорт бага байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Төрийн зүгээс болон аж ахуйн нэгжүүдээс өөрсдөөс нь шалтгаалсан гэсэн төрөлд шалтгааныг ангилж болно. Төрийн зүгээс гэвэл экспортын чиглэлээрх бодлого, уг бодлогыг хэрэгжүүлэхэд яамдын уялдаатай ажиллагаа, цаашлаад олон улсад Монгол бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортлоход дэмжлэг болох нэгдсэн брэндингийн чиглэл, бодлого байхгүй байгаа. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс гэвэл ерөнхийд нь дүгнэхэд дийлэнх ААН-үүдийн экспорт хийх чадавх бэхжээгүй байна. Экспортын зах зээлийн судалгаа, үүндээ үндэслэсэн экспорт хөгжлийн төлөвлөгөөний талаар дутмаг ойлголттой, нэг талаар ганзагын худалдаа байдалтай байна гэж хэлж болохоор байдал анзаарагдаж байна. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байх, юу хийхээ төлөвлөөгүй, энэ чиглэлийн ажлыг нь хариуцах боловсон хүчний чадавх сул зэрэг асуудал ажиглагдаж байгаа. Манай төслийн түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд экспортын чадавхыг бэхжүүлэх тал дээр онцолж дэмжих юм. Нөгөө талаар одоо хэрэгжиж буй манай төсөл нь тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт бус аж, ахуй эрхлэгчдэд экспортын чадавхыг бий болгох, хүний нөөцийг нь чадавхжуулах, экспортын чиглэлийг тодорхойлсон судалгаатай болгох, юу хийхийг нь тодорхойлсон экспортын төлөвлөгөөтэй болгох, уг ажлуудыг нь хийхэд экспортын маркетинг, чанарын удирдлага, үйлдвэрлэлийн удирдлагыг нь хөгжүүлэх ажлуудыг дэмжих юм.

-Экспортлогч аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа санхүүгийн буцалтгүй тусламжийн талаар мэдээлэл өгөөч. Ямар салбарын аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой вэ?

-Экспортын боломжит салбаруудыг бид судлаад валют оруулах боломжтой дараах гурван салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг бид төслийн үр шим хүртэгчээр тодорхойлсон.

  1. Хөдөө аж ахуйд суурилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  2. Аялал жуулчлал
  3. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологи. Эдгээр гурван салбараас экспортын буюу валютын орлого орж ирэх боломжтой гэж харж байна. Уг төсөл ХХААХҮЯ-ны дэргэд хэрэгжиж буй гэдгээрээ энэ салбараа дэмжихээс гадна салбар хоорондын уялдааг хангах юм.

Сонирхолтой тоо дурдахад аялал жуулчлалаар орж ирж буй 1 ам.долларын орлого нь ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт 12 центийн орлого, худалдаа, үйлчилгээний салбарт 25 центийн орлогыг нэмэгдүүлдэг гэдэг судалгаа бий. Дээрээс нь нэмж хэлэхэд экспортын бүтээгдэхүүн бүрд маркетинг, брэндинг хийх нь санхүүгийн нөөц болон хугацаа ихээр шаардагдах бөгөөд ялангуяа Монгол улсын брэндинг өөрөө олон улсад танигдалт багатай үед хүнд юм. Харин аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн оновчтой брэндингийн ачаар улсын танигдалт өсөх цаашлаад үүгээрээ дамжаад биет бүтээгдэхүүний танигдалт, экспортод эерэг нөлөө үзүүлэх давуу талтай.

-Танайхаас санхүүжилт авах хүсэлтэй ААН-үүдийн шалгуур үзүүлэлтийг тухайлан авч үзвэл?

  • Монгол Улсад бүртгэлтэй. Дор хаяж хоёр жилийн турш үйл ажиллагаа явуулсан байх, жилийн борлуулалтын орлого 150 сая төгрөгөөс дээш байх.
  • Байгаль орчин, нийгмийн үнэлгээний асуулгаар шаардлага хангасан
  • Ес хүртэлх сарын дотор хийгдэх боломжтой 5 хүртэлх үйл ажиллагааг төлөвлөх /Төлөвлөсөн ажил бүрийг гүйцэтгэх боломжтой хамгийн багадаа гурван байгууллагаас үнийн саналыг авч харьцуулсан байх/
  • Экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй байх /Төлөвлөгөөгүй бол уг төлөвлөгөөг гүйцэтгүүлэхээр хандаж болно/
  • Нийт зардлыг өөрийн зардлаар санхүүжүүлэх боломжтой, нотлох баримттай байх
  • Экспортын амжилттай туршлагаа бусадтай хуваалцахыг зөвшөөрсөн байх
  • Улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй холбоо хамааралгүй байх.

-Кластеруудад тавьж буй шалгуур нь юу вэ?

  • Кластер дахь ААН тус бүр ААН-ийн шалгуурыг хангасан, хоорондоо холбоо, хамааралгүй хамгийн багадаа хоёр байгууллагаас бүрдсэн байх /хамтын ажиллагааны гэрээтэй/
  • Кластерын тэргүүлэгч ААН-ийн жилийн орлого 300 сая төгрөгөөс дээш байх
  • Кластерын экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй байх ёстой. /Төлөвлөгөөгүй бол уг төлөвлөгөөг гүйцэтгүүлэхээр хандаж болно/
  • Судалгаа хөгжүүлэлт, сургалт, чанарын баталгаажуулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр дотоод нөөцтэй байх эсвэл уг чиглэлийн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй байх.

-Танай хөтөлбөр хэрэгжих хугацаандаа нийт хэдэн удаа ААН, кластеруудаас материал хүлээж авах вэ?

-Хөтөлбөрийн туршид есөн удаа цонх нээгдэж, материал хүлээж авна. Нийт 4.9 сая ам.долларын санхүүжилтийг уг хөтөлбөрт төсөвлөсөн.

Материал өгөхийг хүсэгчид манай суурь шалгуурыг хангасан байх шаардлагатай. Мөн урьдчилаад өөрсдийн төлөвлөсөн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх чадамжтай байх юм. Ингээд хэрэгжүүлснийхээ дараа нөхөн төлбөр байдлаар санхүүжилт гаргуулах юм. Экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй байх. Төлөвлөсөн ажлууд нь туслан гүйцэтгэгчээс үнийн санал харьцуулсан судалгаа хийсэн байх шаардлагатай.

-Та бүхэн материал хүлээж авах хоёр дахь цонхоо нээсэн байна. Эхний цонхыг нээхэд ямар үр дүн гарав. ААН, кластерууд хэр их материал өгсөн бол?

-Эхний цонхыг гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15 хүртэл нээсэн. Үүгээр 76 ААН, 10 кластер материалаа өгсөн. Дараагийн шатанд эдгээрээс 56 ААН-ийн материал тэнцсэн. Үүний 46 аж ахуйн нэгж нь дараагийн материалуудаа илгээгээд явцын дунд 8 аж ахуйн нэгж уг цонхоор ажлаа гүйцэтгэхэд бэлэн бус гэж үзэн материалаа татсан. 38 ААН, кластерын материалын 2 дах шатны үнэлгээ хийгдэж, сонгон шалгаруулалтын хурлаар танилцуулагдахаар бэлэн болоод байна. Манайд ирсэн материалуудын дийлэнх нь ноос, ноолуур, мах, аялал жуулчлал гэсэн чиглэлд байна.

-Та бүхэнд ирүүлсэн материалыг шалгах үйл ажиллагаа хэрхэн өрнөдөг вэ?

-Хоёр үе шат бий. Нэгдүгээрт, ААН-үүд:

  • Сонирхол илэрхийлсэн албан тоот
  • Өргөдлийн маягт
  • Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний хүснэгтүүд
  • Нотлох баримтууд. Үүнд:
    • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
    • Санхүүгийн тайлан /2жил/
    • Төслийг санхүүжүүлэх чадавхыг нотлох баримт
    • Эцсийн өмчлөгчийг тодорхойлсон баримт бичгүүд
    • Түлхүүр албан тушаалтнуудын CV байх шаардлагатай.

Төслийн зорилтууд, шалгуур үзүүлэлтийг хангах ААН-ийг дараагийн шатанд урьдаг. Уригдсан ААН-үүд хоёрдугаар шатанд:

  • Экспорт хөгжлийн төлөвлөгөө
  • Нотлох баримтууд буюу төслийг гүйцэтгэгч байгууллагуудын үнийн саналын харьцуулалт, сонголт, БОННҮ-ий асуумжийн нотлох баримтууд, экспортын кластерын гэрээ оюуны өмчийн эзэмшлийн нотолгоо, экспортын гэрээгээ өгнө.

Ингээд хэр зэрэг бодитоор хийгдсэн экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй, ажил нь уг төлөвлөгөөтэй хэр уялдаж буй мөн есөн сарын дотор хэрэгжих боломжтой юу гэдгийг харгалзан үзэж үнэлгээ хийгдэнэ. Манай төслийн үр дүнд, экспортын шинэ зах зээл нээгдсэн байх, экспортлогчдын тоо өссөн байх, экспортын шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн нэмэгдсэн байх гэсэн зорилтууд байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүдийн төлөвлөсөн үйл ажиллагаа уг үр дүнгийн зорилтуудтай хэрхэн нийцэж буйг мөн харгалзан үзнэ. 2 дах шатанд шалгарсан ААН нь хөтөлбөрийн Сонгон шалгаруулалтын хурлаар орж өөрийн төслөө танилцуулна. Манай бизнес хөгжлийн баг төслүүдэд үндэслэн гаргасан дүгнэлтүүдээ танилцуулж, сонгон шалгаруулах хорооны хурлаар шинжээчийн дүгнэлт болон ААН-ийн танилцуулга, асуулт хариултад үндэслэн олонхын саналаар тухайн төсөлд санхүүжилт олгох эсэхийг дүгнэнэ. Хурлаар дэмжигдсэн ААН-үүдтэй гэрээ байгуулснаар тухайн ААН өөрийн санхүүжилтээр уг ажлуудаа гүйцэтгэж, төслийн зүгээс гүйцэтгэсэн ажлын тайланд үндэслэн гэрээнд тусгасан дүнг нөхөн төлбөр хэлбэрээр олгоно.

-ААН-үүдийн үйл ажиллагаа зорилтот түвшиндээ хүрэхгүй бол яах вэ?

-Гэрээ хийхдээ яг ямар ажлуудыг хийх вэ гэдгийг тусгасан байна. Манай төсөл Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа. Эргээд бид татвар төлөгчдийн мөнгөөр уг зээлийг төлнө. Тиймээс төслийн зарцуулалт буюу бидэнтэй гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн төлөвлөсөн ажлын гүйцэтгэл өндөр байж, экспорт нэмэгдэхэд бодитой үр дүн авчрах шаардлагатай. ААН-үүд ямар нэг байдлаар хуурах, залилах ажиллагаа хийвэл манай төслийн хар жагсаалтад орж төсөл хэрэгжих явцад дахин бидэнд материалаа илгээх боломжгүй болох юм.

-Ямар төрлийн зардлыг төслийн хүрээнд хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа вэ?

  • Экспортын чиглэлтэй маркетинг
  • Экспортын бүтээгдэхүүний чанарын удирдлага, гэрчилгээжүүлэлт
  • Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийн удирдлага гэсэн гурван төрлийн ангиллыг дэмжинэ. 

-Танайд материалаа өгөхөөр бэлдэж буй хүмүүст юуг сануулах вэ. ААН, кластеруудын гаргаж буй түгээмэл алдаа юу байна?

-ААН-үүд гадаад зах зээлээ өөрсдөө судлалгүйгээр хаашаа экспортлох боломжтой, тухайн зах зээлд хэрхэн нэвтрэх боломж байгаа, хэнд зориулсан бүтээгдэхүүнийг хэнтэй өрсөлдөж санал болгох зэргээ судлалгүйгээр, зүгээр л зардал төлөвлөж орж ирж байна. Ажил хийгдэхийн тулд бэлтгэл ажил зайлшгүй шаардлагатай. Экспорт гэдгийг бид нэг удаагийн захиалга гүйцэтгэх бус тогтмол үйл ажиллагаа гэж хараад тогтвортой зах зээл, үүнд зориулсан өөрийн төлөвлөгөөгөө боловсруулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд зах зээлийн судалгаанаас уг ажил эхэлж уг зах зээлд ажиллах экспорт хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулах хэрэгтэй. Бид жижигхэн болохоор зах зээлийн судалгаа хэрэггүй гэж бодож буй бол буруу. Жижиг компани ч борлуулалт хийхийн тулд өөртөө таарсан өрсөлдөгч өөрийнх нь барааг авах хэрэглэгчээ тодорхойлох шаардлагатай. Манайхан азанд найдсан байдал эсвэл зүгээр олдсон мөнгийг нь авч аялаад ирье гэх байдлаар бүх мөнгөө экспо худалдаанд зориулах, эсвэл өдөр тутмын сурталчилгаанд зарцуулах гэх зэргээр төлөвлөж орж ирж буй алдаанууд их харагдаж байна. Юу хийхээ төлөвлөж тодорхойлоогүй мөртлөө шууд ажил төлөвлөөд байдаг нь асуудалтай. Энэ нь тухайн бизнесийн цаг, мөнгийг үрэх, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулах байдал үүсгэх талтай. Тэгэхээр судалгаа, экспортын төлөвлөгөөгүй бол өөр ажил төлөвлөлгүй уг ажлуудаа хийх эсвэл хийлгэхийг зөвлөж байна.

Экспорт хөгжлийн төлөвлөгөө хийх дотоод нөөцгүй ААН-үүд энэ төлөвлөгөөгөө хийлгэх зорилготойгоор манайд хандаж болно. Ингэх юм бол төслийн зүгээс үүнд 10 сая төгрөг хүртэлх санхүүжилт олгох боломжтой. Энэ цонхоор бид аль болох олон ААН-ийг экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй болгож чадвал, дараагийн цонх дээр юу хийхээ мэддэг ААН-үүд материалаа ирүүлнэ гэж үзэж байна.

-Орон нутгийн бизнес эрхлэгчдэд хэр нээлттэй төсөл вэ. Тэдэнд хүрч ажиллаж чадаж байна уу? Цаг үе хүнд байгаа энэ нөхцөлд олон байгууллага танайд материалаа өгч байгаа байх.

-Манай төсөл Монгол орон даяар хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн шалгуурыг хангасан ААН-үүд аль ч аймаг, сумаас оролцох боломжтой. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулаад бид материал хүлээн авах болон үнэлэх бүх үйл ажиллагааг цахимаар явуулж байгаа. Материалаа цахимаар илгээж, манай зөвлөхүүдтэй цахимаар холбогдон мэдээлэл авах боломжтой. 21 аймгийн төлөөллүүдийг аль болох олноор оролцуулж, орон нутгууд дах бизнесүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор бид энэ удаа аймаг тус бүрд буй Худалдаа, аж үйлдвэрийн танхим, ХХААХҮЯ-ны дэргэдэх ЖДҮГ-ын төлөөллүүдээр дамжуулан мэдээлэл өгөхөөр долоодугаар сарын 2-ны 15 цагт онлайн арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

-Та бүхний төлөвлөсөн олон нийтийг хамарсан цахим үйл ажиллагаа хэзээ болох вэ?

-Энэ баасан гарагт буюу долоодугаар сарын 2-нд Түншлэлийн хөтөлбөрийн танилцуулгыг цахимаар хийх юм. Энэ цахим арга хэмжээнд хүмүүсийг идэвхтэй оролцохыг урьж байна. Түншлэлийн хөтөлбөрийн хоёрдугаар цонх нээгдсэн талаар мөн төслийн талаарх нэгдсэн ойлголтуудыг өгөх юм. Дараах холбоосоор орж бүртгүүлэн оролцохыг урьж байна.

Манай төслийн талаар болон Түншлэлийн хөтөлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсвэл http://www.edp.mn/ вебсайтын Түншлэлийн хөтөлбөр цэсэд хандаж мэдээлэл авч болно. Тавигдсан мэдээллүүдтэй танилцсан боловч асуулт байгаа бол уг цэсийн Цаг захиалах дэд цэсэд хандаж манай Бизнес хөгжлийн зөвлөхүүдтэй цаг товлож болно.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Энэ баасан гарагт буюу долоодугаар сарын 2-ны 15:00 цагт Түншлэлийн хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл олгох цахим арга хэмжээнд идэвхттэй оролцохыг аж ахуйн нэгжүүддээ уриалж байна.

Зүүм хуралд бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

Эх сурвалж: gogo.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах