Цэс Close

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ: Буруу магтаалын 6 шинж

“Та хүүхдэдээ урам өгч, өөртөө итгэхэд нь туслаарай “гэх сэтгэлзүйчдийн зөвлөгөө олныг уншсан биз ээ. Гэхдээ магтахад ч гэсэн учир бий.

1. Харамч магтаал

“Чи мундаг байлаа” гээд л болчихдог бол түүний юуг яаж хийсэн нь танд хамаагүй бололтой. Юунд, яагаад баярласан, хэр сайн ажилласныг нь заавал хэлж байх нь магтаалын гол утга учир юм шүү.

2. Магтангаа доромжлох

“Чи өнөөдөр өрөөгөө сайн цэвэрлэжээ. Уг нь чаддаг л юм байна шүү дээ. Гэхдээ яагаад өдөр бүр цэвэрлэдэггүй юм бэ” гэж хэлдэг ээж олон бий. Хэн нэгэн танд “Чи өнөөдөр их сайхан харагдаж байна. Уг нь хичээвэл хөөрхөн юм байна шүү дээ. Яагаад өдөр бүр ингэж гоё харагдаж болохгүй гэж” хэмээн хэлбэл магтаал нь шүүмжлэл шиг санагдахыг анзаарав уу. Магтаалын зорилго бол эерэг сэтгэгдэл үлдээх юм.

3. Харьцуулсан магтаал

“Чиний зурсан зураг бусдынхаас гоё юм” гэж өөр хүүхдүүдийн ололт амжилтыг доош хийнгээ хүү, охиноо дөвийлгөж болохгүй. Ингэснээр өөрийгөө бусдаас давуу, өөр гэж бодоход хүргэдэг.Хүн бүрт бусдаас илүү сайн болон муу хийдэг зүйл гэж байдгийг, хүүхэд бүрийн ген, амьдралын туршлага, гэр бүлийн хүмүүжил, чавдар өөр гэдгийг ойлгуулж байх хэрэгтэй. Нэмж хэлэхэд, “Бусдаас илүү сайн хий” гэхийн оронд “Чадах чинээгээрээ сайн хий” гэж урамшуулж байгаарай.

4. Үнэмлэхүй магтаал

“Чи хамгийн үзэсгэлэнтэй охин”, “Чи хамгийн ухаантай хүү” гэж хэлснээр та хүүхдээ хуурч байгаа хэрэг. Таны хууран мэхлэлт илчлэгдэхэд тэд маш их шанална. Хүү тань тооны олимпиадад амжилт үзүүлээгүй бол “Би илүү сайн нягтлах ёстой байж дээ” гэж алдаагаа ухаарахын оронд “Би хангалттай ухаантай биш юм байна” хэмээн бодож ч мэднэ. Мөн хэт өндрөөр үнэлээд байвал магтаалд донтдог. Ингэснээр бусдын бүтээлч шүүмжлэлд ч сөргөөр ханддаг.

5. Ойлгомжгүй магтаал

“Одоо би чамаар бахархаж байна шүү”, “Чи бол жинхэнэ миний хүү мөн дөө. Өнөөдөр чи сайн хүү болжээ” гэж хэлбэл “Та надаар өмнө нь бахархдаггүй байсан хэрэг үү?”, “Урьд нь би таны хүү биш байсан юм уу”, “Өчигдөр би ямар хүү байсан юм бэ” гэж хүүхэд өөрийн эрхгүй бодно. Намайг буруу зүйл хийвэл ээж үзэн яддаг, зөвийг хийхэд л хайрладаг гэсэн ойлголт түүнд төрөх вий. Юу ч болж байсан хайртай шүү гэсэн мэдрэмж хүүхдэдээ өгч байгаарай

.6. Үнэгүйдсэн магтаал

Заримдаа бид хүүхдийнхээ ердийн үйлдэлд ч алга ташин, “Чи гайхалтай юм аа, жинхэнэ суутан” гэх зэргээр магтдаг. Ингэснээр магтаалыг үнэгүйдүүлж, хүүхэд ч илүү сайжрахыг хичээхээ болино. Учир нь “Би хувцсаа эвхэхдээ сайн. Гэхдээ үүнийгээ дахин батлах шаардлагагүй” гэж бодно. Мөн байнга магтсанаар магтаалын үнэ цэнийг ч бууруулдаг юм шүү.Хэрхэн зөв магтах вэ?Маш энгийн. Шударга байх ёстой. Мөн хүүхдийнхээ үйлдлийг, хичээл зүтгэлийг л магт. “Чамайг аяга тавгаа угааж байгаад ээж нь их баярлаж байна”. “Чи одоо сарын өмнөхтэйгөө харьцуулахад илүү сайн уншдаг болжээ” гэх мэтээр.

эх сурвалж: Хүүтэй аав, ээжүүдийн группийн админ, сэтгүүлч Б.Дөлгөөн

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах