Цэс Close

М.Хүрэлсүх: Мөрөөдөл болохоор шантрах, ажлаас хойш суух зориг байдаггүй

 “Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн дугаарт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч М.Хүрэлсүхийг урьлаа. Өөрийн хүсэл, мөрөөдлөөр жигүүрлэн Онцгой албатай ажил, амьдралаа холбоод 17 жил болж байна.

 -Цаг хугацааг 17 жилийн өмнөх рүү ухрааж, анх албанд томилогдсон тэр үе рүү тань хамтдаа аялмаар байна?

  Бололгүй яахав. Анх 2006 онд томилогдон, төрийн соёмбоо тэргүүндээ залаад түмэн олныхоо амь нас, эд хөрөнгийг хамгаалах тангараг өргөж байлаа. Өөрийн хүсэл, сонирхлын дагуу энэ албанд орсон. Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангидаа тогтвор суурьшилтай үүрэг гүйцэтгэж байна даа. Албаараа маш их бахархаж явдаг. Анх гал түймэр унтрааж байгаа залуусыг хараад маш их бахархаж заавал гал сөнөөгч болно гэж боддог байлаа. Зорьсондоо хүрсэн болохоор өөртөө итгэлтэйгээр ажилладаг. Манай хоёр дүү бас цэргийн ангид ажиллаж байгаа. Одооноос л цэргийн удамтай болж байна даа.

-Нэгэнт л энэ цаг хугацааг эргэн дурсаж байгаагийнх нь анхны дуудлагынхаа талаар хуучлаач?

 Тухайн үед гал бүрэн дэлгэрсэн үзэгдэх орчин хязгаарлагдмал газарт гал гарч байсан.Тэр галаас хоёр цогцос гаргасан. Маш хүнд алба, ажил гэдгийг мэдэрч, их зүйлийг сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож байлаа. Үүнээс хойш өөрийгөө дайчилж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сургалт дадлагад хамрагдаж, хамт олноосоо суралцаж, хичээж л байна даа. Анх албанд ороход шатах болон модон материал зонхилдог байсан бол одоо үед тэсэрч дэлбэрэх бодис болоод хурдан шатамхай материал шатсан дуудлага зонхилдог болсон байна. Галын шатлага маш хурдтай явагддаг. Гал дээр хэрхэн ажиллах тал дээр суралцсаар л байна.  Дуудлагаас дуудлагад байнгын суралцаж, өөрийгөө улам л хөгжүүлж явах ёстой мэргэжил юм шүү дээ.    

-Урин дулаан цаг ирсэн байна ямар төрлийн дуудлага зонхилж байна?  

  Гол, усны болон шар өвсний дуудлага зонхилж байна. Улирлын онцлогоос шалтгаалан төрөл бүрийн дуудлагаар гарч ажилладаг. Хавар, намартаа шар өвсний гал түймрийн дуудлага зонхилно. Зундаа үер, усны дуудлага, өвөлдөө ахуйн гал түймрийн дуудлага зонхилох жишээтэй.

-Таны хувьд эмзэглэж явдаг, санаанаас гардаггүй ч гэдэг юмуу тийм дуудлага бий юу?

 2015 онд хоёр нялх хүүхэд гэртээ цоожлогдоод орон доороо угаартаж нас барсан байсан. Түүнийг хараад арай эрт очсон бол амийг нь аврах байсан болов уу гэж одоо ч боддог. Тухайн үед замын түгжрэлээс болж цаг алдсан. Замын бөөгнөрөл, түгжрэл болон барилга байгууламжийн зай, мухар гудамж, хаяг тодорхой бус байдлаас цаг хугацаа алдах тохиолдол их байдагт л эмзэглэж явдаг.

– Одоо ч таны хувьд сэтгэлзүйгээ удирдаад сурчихсан байх?

 Залуу үед шантрах үе гарч байсан. Шантрах болгондоо хойш суулгүй хоёргүй сэтгэлээр зүтгэсээр л байна.  Мөрөөдөл болохоор  сэтгэл санаагаар унах, ажлаас хойш суух зориг байдаггүй. Хүн өөрийн хүссэн ажлаа хийхэд хэзээ ч ядардаггүй юм. Мэргэжлийнхээ онцлогийг нэг үгээр хэлэхэд бид чинь “БУРХАН” юм уу даа. Өөрийн амь нас эрсдэхийг үл тоож, өрөөлийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж явна гэдэг хүн бүхний хийгээд байх зүйл биш шүү дээ.

Онцгой байдлын алба таныг үүрэг гүйцэтгэснээс хойш хэр өөрчлөгдсөн бол?

  Өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа нь мэдрэгддэг. Алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах тал дээр маш сайн анхаардаг болсон байна. Орчин үеийн багаж зэвсэглэмж, машин техникээр хангагдсан. Түүнчлэн гадаадын улс орнуудад туршлага судлах сургалтад хамрагдаж байгаа гээд маш их өөрчлөлт байна шүү.

– Хэзээд найдвартай ар талыг чинь дааж байдаг гэр гийгүүлэгчээ бидэнд танилцуулахгүй юу. Гэргийтэйгээ хэзээ танилцаж байв?

   Гэргийтэйгээ 2008 онд танилцаж байлаа. 2009 онд хүүтэй болоод ам бүл гурвуулаа болсон. Манай эхнэрийг Б.Ундрах гэдэг. Тогооч мэргэжилтэй. Миний хань чинь миний найдвартай ар тал . Олон хоног сараар ой, хээрийн түймэр болон бусад ажил, томилолтоор явахад миний албыг ойлгож, хүндэлж байдаг болохоор би юунд ч санаа зоволтгүй ажлаа хийдэг дээ.

-Таны хүү их мундаг зураач юм. Авьяасыг  нь хэрхэн хөгжүүлж байна даа?

 Манай хүү анх зургаан настайгаасаа өөрийн сонирхлоор зурж эхэлсэн. Өөрөө өөрийгөө хөгжүүлэн, интернэт болон цахим орчноос зурах аргачлалыг олж авдаг. Хүү маань багаасаа л их бүтээлч сэтгэхүйтэй хүүхэд. Аавыгаа дуурайгаад л  алх, бахь бариад л тоглож, хийсэн зүйлсийг маань дуурайж хийхийг оролддог байсан. Одоо өөрийнхөө сонирхлыг хөгжүүлж зураг зурах болсон. Цаашид хүүгээ сонирхлоор нь хөгжүүлж, сайн зураач болгохыг хүсдэг дээ.

Мэргэжлийн онцлогийг тань харуулсан олон өвөрмөц зургуудыг зурсан байсан. Таны хувьд өөрийн мэргэжлээ өвлүүлэх мөрөөдөл байдаг уу?

  Байлгүй яахав. Гэхдээ хүүхдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэнэ. Тэгж байж хүү маань зорьсондоо хүрнэ шүү дээ.

-Таны сонирхол хобби юу вэ?

Гэрийхээ хашаанд мод тарьж ургуулах, хашаа байшингаа тохижуулах, модон болон төмөр эдлэлээр ойр зуурын өөрт хэрэгтэй зүйлс хийх сонирхолтой. Хүн өөрийн амьдрах орчноо өөрт таалагдахаар тохижуулна гэдэг хувь хүн болон гэр бүлийн аз жаргал шүү дээ.  

– Цэргийн хүний амьдралаар тууштай явахад чинь нөлөөлөх нөлөөлөл байв уу?

 Аврагч, гал сөнөөгч мэргэжилдээ үнэнч байх, тууштай байхад нөлөөлсөн. Мөн цэргийн хүний найдвартай ар тал болсон хань маань миний ажил, мэргэжлийг ойлгож явна гэдэг энэ албандаа тууштай ажиллах хамгийн том боломж, түшиг байсан.

Онцгой байдлын байгууллага өдөр ирэх бүр залуусаар хүрээгээ тэлж байна. Залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?

  Энэ мэргэжлийг сонгосон бол мэргэжилдээ тууштай өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, суралцаж байхыг зөвлөмөөр байна. Эргэлт буцалтгүй үнэнч сэтгэлээр зүтгэвэл амжилт өөрөө л ирдэг. Энэ хэмжээгээр амьдрал хүртэл өөдлөн дэвждэг юм шүү.

Таныг хараад байхад их сониуч юм. Багын зан уу?

 Багадаа гэрийнхээ хамгийн адтай хүүхэд нь байсан. Их сониучхан. Сонирхсон зүйлээ заавал туршиж үзнэ. Энэ зан маань одоо ч гэсэн байдаг. Аав, ээжийнхээ чихийг халууцуулдаг сахилгагүй хүүхэд байсан ч тэднийхээ буянаар суурь хүмүүжил сайтай шүү.

-Ярилцлагын төгсгөлд амьдралаас хүртэж болох хамгийн сайхан мэдрэмжээс нь уншигчдадаа хуваалцмаар байна?

Галаа бүрэн унтраагаад нойтон хувцастай ч гэсэн алба хаагч нартайгаа хөөрөлдөөд буцах л хамгийн сайхан мэдрэмж дээ. Мөн ажлаасаа буугаад гэртээ харихад эхнэр, хүүхэд маань тосож аваад хамтдаа амрах л жаргал шүү дээ. Энэ дашрамд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн үе, үеийн удирдлага, хамт олондоо талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах