УИХ-ын нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоор болжээ
УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 10-нд болохоор товлогдсон.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт “Ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон энэ хуулийн 26.3.6, 26.4.6-д заалтын дагуу хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” гэж заасан байдаг.
Үүний дагуу Үндэсний аудитын газарт
- Монгол Ардын нам
- Үнэн ба Зөв нам
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам
- Дэлхийн монголчууд нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Зөв хүн электорат эвсэл
- Ардчилсан нам
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
- Ард Түмний олонхийн засаглал нам
- Иргэний зориг ногоон нам тус тус мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн юм.
Төрийн аудитын байгууллага нам, эвслээс ирүүлсэн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг хянан үзэхдээ төрийн аудитын стандартуудыг удирдлага болгон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон холбогдох бусад хууль, тайлан, судалгаа, мэдээллийг тус тус шалгуур болгон УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам эвслээс ирүүлсэн мөрийн хөтөлбөртэй тулган баталгаажуулав.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ” гэж заасны дагуу Үндэсний аудитын газар нийт 9 нам, 1 эвслээс ирүүлсэн мөрийн хөтөлбөр, хандивын тайланд аудит хийж, дүгнэлтээ хуулийн хугацаанд буюу 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлээд байна гэж Үндэсний аудитын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх