Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцлоо.
Засгийн газар өнгөрөгч баасан гаригт болсон ээлжит бус хуралдаанаар Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд хэллээ. Aвлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлнэ гэв. Мөн авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн дэмжлэг хэрэгтэйг тэмдэглэлээ.
Эрүүгийн болон уул уурхай, улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах, “шүгэл үлээгчд”-ийн тухай хууль боловсруулах зэрэг эрх зүйн орчныг сайжруулах, иргэдийн авлигын эсрэг боловсролд анхаарах зэрэг асуудлаар санал солилцлоо.
“Транспэрэнси Интернэшнл” байгууллагынхан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа өгч ажиллаж байгаагаа илэрхийлээд хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулна гэдэг амаргүй, хүнд зорилт гэдгийг тэмдэглэв. Авлигын хэрэгт мэргэшсэн шүүгч, прокурор, өмгөөлөгч дутмагаас авлигын эсрэг тэмцэл үр дүн багатай байгааг дурдаад мэргэшүүлэх хөтөлбөр, сургалт зохион байгуулах боломжтой гэв.
Авлигын индексийг бууруулах ажлын хэсэгт олон улсын туршлага, зөвлөмж өгч, зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтарч ажиллахыг тус байгууллагынхнаас Ерөнхий сайд хүслээ.
ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарласан юм. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх