Цэс Close

Төсвийн тогтворгүй байдлын тухай хууль

Монгол улс, хөгжиж буй эдийн засагтай орнуудын нэг. Манай улсын эдийн засаг олон талт бүтэцгүй бөгөөд ашигт малтмалын цөөн хэдэн бүтээгдэхүүнээс нэн хамааралтай. Бидний гадаадаас олдог 10 ам.долларын бараг 8 нь зэсийн баяжмал, нүүрс хоёрт оногддог. Саяхныг хүртэл зэсийн баяжмал дангаараа экспортын орлогод гол байр суурьтай байсан бол 2005 оны үеэс урд хөршийн эдийн засаг эрчимжихийн хэрээр нүүрс үнэд орж манай экспортын гол бүтээгдэхүүний нэг болжээ. Энэ хоёр бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өндөр байвал эдийн засаг нь өсөж, унавал дагаад унадаг эмзэг эдийн засагтай орны тоонд багтаж байна. Ийм улс орнуудад төсвийн тогтвортой байдал маш чухал байдаг. Уул уурхайгаас хараат улс орнуудад төсвийн тогтвортой байдлын арга хэрэгслийг  чадварлаг ашиглаж, сахилга баттай байж чадсанаас хөгжлийн өндөр түвшинд хүрсэн байдаг. Ийм улсуудын тоонд  Австрали, Канад, Чили, Шинэ Зеланд зэрэг орнууд орно.

Нүүрсний борлуулалтаас ихээхэн хэмжээний валют олж эхэлсэн цагаас манай улсын төсөвт зарим нэгэн ноцтой асуудал тулгарч эхэлсэн юм. Улсын төсвийн төслийг боловсруулах, төсвийг хэлэлцэн батлах явцад хууль тогтоох байгууллагын зүгээс  Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд тусгагдсан эдийн засгийн өсөлт, төсвийн нийт орлого, түүний дотор татварын орлого, төсвийн нийт зарлага зэрэг суурь үзүүлэлтүүдийг өөрчлөх, санхүү, эдийн засгийн гадаад, дотоод түр хүчин зүйлийн улмаас бий болсон тогтворгүй орлогыг төсвийн санхүүжилтэд зориулж төсвийг хэт тэлэх шийдвэр гаргаж эхэлсэн байдаг.

Түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд оролцогч улс төрийн нам улс орны эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн мөнгөн амлалт авах замаар сонгогчдын саналыг авах буруу зуршил 2008 оны үеэс эрчээ авав.

Дээр дурдсан байдал дараа дараагийн жилүүдэд төсвийн орлого буурах үед төсвийн санхүүжилтийг өмнөх түвшинд санхүүжүүлэх боломжгүй болгох эрсдэл үүсгэдэг билээ. Иймээс төсвийн тогтворгүй байдал үүсэх, төсвөө тогтворжуулах санхүүгийн хуримтлалгүйн улмаас төсвийн алдагдал нэмэгдэх, нийгэм, эдийн засгийн салбар, улсын хөрөнгө оруулалт зэрэг уламжлалт санхүүжилтийг огцом хасах шаардлага гарч ирэв. Энэ нь иргэдийн амьдрал, улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж, макро эдийн засаг, санхүүгийн тогтворгүй байдал үүсгэх, улсын төсөв болон санхүүгийн хямралд ч хүргэх эрсдэл өндөр магадлалтай болсон юм.  Дээрх байдлыг шийдвэрлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас ОУВС-тай 2009 онд байгуулсан Тогтворжуулалтын хөтөлбөрийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Ингээд 2010 оны 6 сарын 24 өдрийн УИХ-ын Нэгдсэн чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсан.

Монгол улс төсвийн бодлого, стратеги, төсвийн тогтвортой байдлын удирдлага, түүнийг хангах хэрэгсэл, төсвийн удирдлагын үндсэн зарчимтай болсон нь энэ. Тус хуулинд олон улсад жишиг болсон төсвийн тусгай шаардлагуудыг багтааж, гүйцэтгэх засаглалын түвшинд төсвийн тогтвортой байдлыг хангах эрх үүрэг, хэм хэмжээг хуульчлан баталсан чухал хууль амилав.

Тус хуульд төсөв 4 тусгай шаардлагыг хангах ёстой гэж зааснаас “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл(төсвийналдагдал) нь тухайн төсвийн жилийн ДНБ(дотоодын нийт бүтээгдэхүүн)-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх”, “Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байх”/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэсэн2 заалт ихээхэн чухал. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн амин сүнс ч гэж нэрлэж болно. Энэ нь төсвөөр дамжуулан их хэмжээний алдагдал гаргахгүй. Гадаад өрөө нэмэхгүй гэсэн тааз, хориг юм.

Түүнчлэн тусгай шаардлагад нийцүүлэн баталсан дунд хугацааны бодлого хэрэгждэг боллоо. Үүнийгээ “Төсвийн хүрээний мэдэгдэл” гэж нэрлээд төсөв өргөн барихаас тусдаа УИХ-аар оруулж батлуулдаг болов. Хэрвээ тухайн жилийн төсвийн төсөл нь тусгай шаардлагыг хангаагүй тохиолдолд төслийг буцаадаг, төсвийн гүйцэтгэл нь тусгай шаардлагуудыг хангаагүй нь Засгийн газрыг огцруулах үндэслэл болдог гэсэн хариуцлагын сүрхий заалтууд оруулсан юм. Нэг үгээр хэлбэл бодлоготой, тусгай заалт, таазтай сүрхий хууль хэрэгжиж эхэлсэн гэж ойлгож болохоор.

Хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Гэвч ямар ч Засгийн газар тус хуульд заасан хариуцлага хүлээсэнгүй. Өөрөөр хэлбэл, үе үеийн Засгийн газар маш чамбай ажиллаж байгаа бололтой юм. Гэтэл 2020 онд яагаад төсвийн алдагдал Монгол улсын түүхэнд байгаагүй 4.8 их наяд төгрөгт хүрэв? Яагаад сүүлийн жилүүдэд 2 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж “өр үйлдвэрлэдэг” жишиг тогтчихов? Энэ онд Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.долларт хүрч, дөрвөн жилийн хугацаанд 4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн шалтгаан юунд байна? Нөгөө алдагдалгүй төсөв батлах хэмжүүр болон өрийнтааз яав? гэсэн олон асуултууд гарч ирнэ.

Хариулт нь маш энгийн. УИХ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиндаа хүссэн үедээ “гар хүрч”, Засгийн газрын хэлсэн  тоог тавьж засдаг болсон. Иймээс Монгол улсад  Төсвийн тогтворгүй байдлын тухай хууль үйлчилж байгаа хэрэг. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийтдээ 12 удаа өөрчлөлт оруулж амжсан байх юм. Төсвийн тусгай шаардлагууд буюу төсвийн алдагдлын дээд хэмжээ, өрийн таазаа 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр, 2016  оны 09 сарын 09-ний өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, 2021 оны 7 сарын 7-ны өдөр тус тус хуульд өөрчлөлт оруулан засчээ.

Үүнийг тодорхой жишээ дээр тайлбарлая. 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Их хурал нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг баталсан. Төсвийн хүрээний мэдэгдэл гэж юу вэ? Ач холбогдол нь юу юм бэ? Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийг тогтвортой байдлыг хангах, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг даган гарч ирсэн төсвийг хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалахын тулд дайчлах, чиглүүлэх механизм.

Харамсалтай нь үе үеийн Засгийн газар улсын нэгдсэн төсөв өргөн барих бүрдээ эвдэж засаж ирсэн байх юм. Жишээ нь, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр 27 их наяд 73 тэрбум байхаар энэ оны 5 сарын 6 өдөр баталсан төсвийн хүрээний мэдэгдэлдээ заажээ. Гэтэл өргөн барьсан төсөвт буюу ердөө 5 сарын дараа 31 их наяд 439 тэрбум байна гээд 4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлжээ. Нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ гэхэд л 14 их наяд 852 тэрбум байх ёстой гэж батлагдсан боловч 18.4 их наяд болж данхайсан байх юм. Энэ мэтээр 2022 оны Засгийн газрын өргөн барьсан төсөв дээрх төсвийн үндсэн үзүүлэлтүүд бүгд эрс өөрчлөгджээ.

“Хүүе хуулинд чинь хариуцлага бий шүү” гэж хэлэхийн завдалгүй аль хэдийн айдаггүйгээ авдрандаа хийсэн байх аж. Өөрөөр хэлбэл, дунд хугацааны таамаглалаа УИХ-аар батлуулаад 2 сар өнгөрч байхад буюу наадмын өмнөхөн 7 сарын 7-ны өдөр УИХ дахин ой санамжаа эрс өөрчилж, “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулиндаа ээлжит өөрчлөлтөө  оруулжээ. Ингэхдээ, “…нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл (алдагдал) дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг … 2022 онд 5.1 хувиас… тус хэтрүүлэхгүй”, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр  … 2022 оны төсвийн жилд 70 хувиас… хэтрүүлэхгүй байна.” гэж тус тус өөрчилсүгэй” гэсэн лүндэн буулгачихсан хэрэг.

Ийнхүү төсвийн хуулиараа эрхэлж нааддаг нэгэн улс мэндэлж байна. Үүнээс үүдэх сөрөг нөлөө, улс орны ирээдүйд учруулах хохирол дэндүү их.

2021 оны 10 сарын 20

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах