ШШГЕГ-ын алба хаагчид сайн дураар цусаа хандивлажээ
Хууль зүй, дотоод хэргийн салбар үүсэж хөгжсөний 110 жилийн ойг угтаж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “110 хүнд амьдрал бэлэглэе, цус хандивлая” сайн үйлсийн аянг санаачлан зохион байгуулж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид тус аянд нэгдэж, 2021 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд сайн дураараа цусаа хандивлалаа. Албаныхны хэлж байгаагаар нэг хүний бэлэглэсэн 350-400 грамм цусаар 3 хүний амийг авардаг бөгөөд ковид 19 цар тахлын улмаас улс орон даяар цусны нөөц багассан байжээ.
Харин төрийн болон төрийн бус байгууллага, оюутан залуус, хүндэт доноруудын дэмжлэгтэйгээр өнөөдрийн байдлаар цусны нөөц хэвийн хэмжээнд хүрснийг онцолж байна. Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олны зүгээс Хууль зүй, дотоод хэргийн яам болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг сайн дураараа нэгдэн цусаа хандивлаж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх