Эмээлтийнхний эрээгүйтэл

Хуваалцах

     Бидний анзааралгүй өнгөрдөг олон зүйл өрнөж байдаг.  Мэдээж хувь хүнээс шалтгаалах зүйл олон. Усаа хайрлая, хэмнэе гэх зэргийг ихэнх нь мэддэг болсон ч гамнаж, хэмнэж байгаа нь хэд билээ.

Нийслэлчүүд Эмээлт зах руу явж  мах авна гээд явцгаадаг. Тэнд мал нядалгааны 60 орчим газар бий. Хууль дүрмээрээ бол Эмээлтийн нядалгааны үйлдвэрүүд стандартын дагуу урьдчилан цэвэрлэх байгууламжтай байх ёстой. Мал нядалгааны үр дүнгээс үүсэлтэй цус нөж, сэвс, үс ноос гээд агууламж нь хэвийн хэмжээнээс тавь дахин их бохирдолтой хог хаягдлаа төв цэвэрлэх байгууламж руу урсгадаг. Ус сувгийн удирдах газраас  оноос хойш эмээлтийн  хэд хэдэн нядалгааны үйлдвэрт стандартын дагуу цэвэрлэх байгууламжтай болох шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүйгээс хотын цэвэрлэх байгууламжийн ачаалал нэмэгдэж, эрүүл ахуйн горим алдагдсаар байна.

За тэгээд Ус сувгийн удирдах газар шаардлага тавина, албан бичиг хүргүүлнэ. 2018 оноос хойш энэ үйл явц өрнөж байна. Улирал тутам л  нөгөө албан бичгээ хүргүүлнэ. Нөгөө хэд нь дүлий дүмбэ оргиод сууж байна. Харин ч бүр даапаалах маягтай, бидний дунд цэвэрлэх байгууламж тавиад өгчих гэж хэлээд хэнэггүй суучихна.  Хувьдаа ашиг олж байгаа бол хувийн юмандаа ядаж сэтгэлтэй ханд л даа. Бохироо төвийн шугам руу урсгачихаар нийтийн асуудал, эсвэл Ус сувгийн удирдах газрын асуудал болчих мэт дэндүү хувиа хичээсэн хандлага гаргах юм.

 Ус сувгийн удирдах газарт  ундны ус нь цэвэр байлгах гэж 24 цаг бэлэн байдалд ажилладаг хүмүүс бий. Бохиртойгоо хутгалдчихгүйн төлөө ажилладаг мянга мянган хүмүүс ажилладаг. Асуудал гарвал тэд шөнө дуудагдаад ажилладаг. Хэдэн жилийн өмнө ажлаа хийж явсан залуус амь насаа ч алдаж байсан. Нойлын цаас,  шалны алчуур, хоолны тос, ариун цэврийн хэрэгсэл, ер юу тааралдсанаа урсгаж орхино. Үр дүн, хохирлыг хэлж харьцуулахын аргагүй. Өмнө хоолны тос жорлонд хийхийгээ буруу зүйл гэж боддоггүй байлаа. Одоо бол хоолны тосоо царцмагц нь ялгаж, уутлаад тусад нь хогийн саванд хаядаг болсон. Ядаж өөрөөсөө эхэлье, өөрөө зөв үйлдэл хийе гэж боддог.

Цэвэрлэх байгууламж хэцүүдвэл, цэвэр усгүй бол яаж амьдрах билээ гэж сэтгээд үйлдлээ ядаж зөв болгоё оо.  Бидний эрүүл мэнд, аюулгүй байдалтай шууд холбоотой, аюул занал учруулахуйц ийм үйлдлийг таслан зогсоож,  ийм асуудалд хүнийрхүү, хүйтэн сэтгэлээр хандахаа болимоор байна. Зөвхөн Ус сувгийн удирлах газрын асуудал, тэнд ажиллагсадын анхаарч хийх ёстой зүйл мэт орхисоор өдий хүрлээ. Тэдний биш бидний асуудал гэдгийг ойлгож, тартагтаа тулж байж л ухаарах хэрэг үү. 

 Монголд нэг хачин зүйл үйлчилдэг. Бараг л ширэнгийн хууль гээд хэлчихэд буруутахгүй биз. Уг нь төрт ёстой, парламентын засаглалтай, хуультай улс. Гэхдээ хаа сайгүй эзэнгүй юм шиг асуудлууд тэнэж байдаг. Эзэнжүүлээд байсан ч хэрэгжилт, үр дүнг нь тоолгүй орхих нь элбэг. Дур зоргоороо л амьдарна.

Хаягдал усыг цэвэрлээгүйгээс төв цэвэрлэх байгууламж болон байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөлийг хэлж таахын арга алга.

 Эх орондоо хайртай байх, сайн хүн байх зэрэг чинь маш энгийн зүйлээс эхэлдэг. Зөв үйлдлээс, зөв дадлаас, бусдад гай болохгүй байхаас.

    Хувь хүн бизнесс хийж, амьдрал ахуйгаа залгуулах нь энгийн л юм. Харин эндээс олж байгаа ашиг чинь хоол болж шингэхүйц зөв үйлдлээр бидэнд ирж байна уу гэдэг. Анхаарахгүй орхиж боломгүй сэдэв учрас л энэ удаад хөндлөө. 

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн