Цэс Close

Ирэх оны төсвийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

Төр зардлаа танаж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халамжийг цэгцэлж хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн өв сангийн өгөөжийг нэмэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг томоохон зорилт тавьсан байна.

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5 хувиар өсөхөөр Засгийн газар төсөөлжээ.

Чуулганы хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-аас эдийн засаг, ажлын байрыг дэмжих ажлын баг гаргах санал гаргалаа. Уг саналыг дэмжиж буйгаа УИХ-ын дарга илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах зардалд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн татаасыг 91 тэрбум төгрөгөөр бууруулах санал орж иржээ. Зээлийн хүүгийн татаасыг бууруулчихаар Засгийн газраас олгох арван их наяд төгрөгийн төлөвлөгөөний хүрээн олгох зээлийн хэмжээ буурах эрсдэлтэй юу” хэмээв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: “2022 оны төсөв хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс 91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх санал гарсан. Энэ эх үүсвэрийг зээлийн хүүгийн татаасаар арилжааны банкуудад олгох хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр зэрэг арван их наяд төгрөгийн зээлийн хэмжээ буурна” гэв

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Төсвийн алдагдал 2022 оны 2.4 их наяд болчихоод байна. Эдийн засгийг тэлэх, орлого нэмэгдүүлэх талаар энэ төсөвт алга. Ингэж болохгүй. Инфляци бараг хоёр оронтой тоо руу орлоо. Гэтэл тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар юу ч алга. Тиймээс 2022 оны төсвийн төслийг Засгийн газарт буцааж сайжруулах үүднээс гурван хоногийн завсарлага авахаа мэдэгдэв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт өнөөдрийн 14.00 цагт хүртэл завсарлага өглөө. Учир нь 2022 оны төсвийг 11 дүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Хэлэлцэх хугацаа шахуу байгаа учраас завсарлагыг хоногоор өгөх боломжгүй гэж үзэв.

Ийнхүү хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Ташрамд дурдахад, энгийн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, анхны, эцсийн гэсэн гурван үе шаттай хэлэлцдэг бол төсвийн төслийг дөрвөн хэлэлцүүлгээр оруулдаг. Мөн төсвийг УИХ жил бүрийн 11 дүгээр сарын 15-наас өмнө батлах хуулийн заалттай. Энэ дагуу маргааш буюу энэ сарын 12-нд 2022 оны төсвийг батлахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах