Цэс Close

Нийслэлийн өмчид нийгмийн дэд бүтцийн зориулалттай барилгуудыг бүртгэн авлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийслэлийн өмчид барилга байгууламж, хөрөнгө бүртгэн авах тухай, гудамж нэршүүлэх тухай, асуудал дэмжих тухай болон Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтэй танилцаж,хэлэлцсэн юм.

Нийслэлийн өмчид дүүргийн төсвийн хөрөнгө, Арабын Нэгдсэн Эмират Улсын буцалтгүй тусламжаар баригдаж, ашиглалтад орсон цагдаа, сургууль, цэцэрлэгийн 5 барилга, ус түгээх 5 байрыг бүртгэн авлаа. Тодруулбал, Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, Сонгинохайрхан дүүргийн 150 хүүхдийн ортой 263 дугаар цэцэрлэгийн барилга, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын барилга, тус дүүргийн 299, 25 дугаар  цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авсан юм.  Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 33, 36 дугаар хороонд байрлах ус түгээх 4 байр, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах ус түгээх байрыг  нийслэлийн өмчид бүртгэлээ.

“Марзан Шарав цогцолбор”-ыг байгуулахдаа  Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй гэв

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Марзан Шарав Хишигтэн ТББ-аас санаачилсан “Марзан Шарав цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын асуудлыг танилцууллаа.

“Марзан Шарав цогцолбор”-ыг байгуулахад 50 гаруй  га газар шаардлагатай бөгөөд төслийг санаачлагч иргэн Ч.Хишигчулуун СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 52-ын даваа, Согоотын ам, Тусгалын ам зэрэг байршилд санал ирүүлжээ.  

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Эдгээр байршлууд нь нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг урт хугацааны бодлогын бичиг баримтуудад аялал жуулчлалын бүсийн чиглэлээр тусгагдаагүй байна. Иймээс “Марзан Шарав цогцолбор”-ыг байгуулахдаа  Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй. Уг цогцолборыг Тэрэлж болон Туул голын дагуу Чингисийн хүрээ орчим байгуулах саналтай байна” гэв.

Уг саналыг дэмжин салбар яам руу уламжлахаар боллоо. “Марзан Шарав цогцолбор” нь 19 дүгээр  зууны сүүлч, 20 дугаар зууны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, соёл урлагийн түүхийг харуулсан өв үлдээх, гадаад болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой аж.

Товчхон 

  • Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх орон тооны бус “Иргэний зөвлөл”-ийн гишүүдийг сонгон шалгаруулан, П.Батжаргал, Д.Эрдэнэтуяа, Г.Биндэръяа, Д.Долгион, Ж.Төгсжаргал, Г.Гэрэл, Д.Жаргалсайхан нарыг гишүүнээр томиллоо.
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш Хан хиллс хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх 1,1 км гудамжийг Бүгд Найрамдах Польш Улсын алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений гудамж гэж нэрлэлээ.
  • Баянзүрх дүүргийн 5 дугаар Ж.Лхагвасүрэнгийн гудамжнаас зүүн тийш Рерихийн гудамжны төгсгөл, Г.Лувсанцэвээнийн гудамж хүртэлх 510м гудамжийг судлаач, доктор Л.С.Соболевагийн гудамж гэж нэрлэлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах