Ч.Хүрэлбаатар: Мөнгөндөө биш хандлага зарчимдаа төрийн хэмнэлтийн тухай хуулийн агуулга оршиж байгаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүй сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "18.1 их наяд төгрөгийн зардалтай төсвийг бууруулна гэж орж ирсэн ч 17.9 их наяд болж бараг тоо хэвээрээ байна. 2.4 их наяд төгрөгийн төсвийн алдагдал хэвээрээ. Төсвийн хуулийг дагаж орж ирсэн Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар 30 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн. Их тоо мэт сонсогдож байгаа ч 18 их наядтайгаа харьцуулахад хэмнэлт гэж хэлэхэд хэцүү. Буруу бодлогоор зарим зүйлийг хойшлуулж байгаа нь заримдаа илүү зардал гардаг. Энэ утгаараа төсвийн тодотгол хангалтгүй болж байна. Нүглийн нүдийг гурилаар хуурсан баримт бичиг орж ирээд эцсийн хэлэлцүүлэгт шилжиж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Гудамжинд жагссан иргэн, төрийн албан хаагч ч бай хэн бүхний хувьд төр тансаг, данхар харагддаг болсон. Үүнийг цэгцлээч гэдэг байр суурь байгаа юм. Мөнгөндөө биш хандлага зарчимдаа төрийн хэмнэлтийн тухай хуулийн агуулга оршиж байгаа гэв. Тавдугаар сараас 12 сар хүртэлх хугацаанд нийт 39 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа юм шиг харагдаж байгаа. Гэхдээ дотор нь зардал гүйлгэх эрхтэй учраас хэмнэгдэх бодит зардлын хэмжээг тодорхойлох амаргүй. Нэг жилээр нь тооцвол 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдах байх. Мөнгөндөө биш хандлага зарчимдаа төрийн хэмнэлтийн тухай хуулийн агуулга оршиж байгаа" гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Төсвийн байнгын хорооны саналаар гишүүд хэлэлцүүлгийн явцад олон талаас мэтгэлцсэн гэдгийг ойлгож байна. Гэхдээ Засгийн газрын саналаар дэмжих зайлшгүй шаардлага байна. Яагаад гэхээр нэг уут үлдээхээр цаашдаа буруу жишиг болж байна. Мэдээж, өөрчлөлт "өвдөлт" өгнө. Зарим агентлагийн дарга нар, төрийн өмчит компанийн дарга нар УИХ-ын гишүүд рүү ингэж хандахаа болих хэрэгтэй. Ёс суртахуунтай байх ёстой. Ерөнхий сайдын хувьд энэ саналаас ухрахгүй. Хэрвээ санал унавал төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд дахин оруулж ирнэ. 200 орчим хүн байгаа. Энийг том агуулгаар нь хүлээж авчих л хэрэгтэй. Машины асуудал дээр ч гэсэн. Ер нь хандлагаа олон улсын жишигт нийцүүлмээр байна. Гишүүд тэгш хандах ёстой гэдгийг хэлж буй. Би энийг дэмжиж байгаа. УИХ, шүүх засаглал, Засгийн газрын харьяа байгууллагууд тэгш зарчмаар хандах шинэчлэлээ хийгээд явах нь зүйтэй. Болохгүй бол хуульд нэмэлт өөрчлөлт хийж болно. Тийм учраас УИХ-ын гишүүдээ Засгийн газраас гаргасан саналын дагуу эцсийн хэлэлцүүлэг дээр дэмжихийг хүсье" гэлээ.
Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүдийн олонхын саналаар эцэслэн батлав.
Сэтгэгдэл үлдээх