Орхигдсон сэдэв буюу хүнсний аюулгүй байдал
Монголчууд хэрэглэж буй хүнснийхээ аюулгүй байдлын талаар дуугаралгүй олон жил явж иржээ. Хамгийн их анхаарал хандуулж дуугарах сэдэв бол энэ болсон. Дуугараад ч зогсохгүй бодлогын арга хэмжээнүүд авах шаардлага зүй ёсных болов. Дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол үүссэн нь Монголд ч нөлөөлж байгаа. Монгол Улс нь хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээгээ аль болох дотоодоосоо хангах тал дээр анхаарах хэрэгтэй болсныг ч нөхцөл байдал шаардаж байна. Саяхан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-газар тариалан” үндэсний чуулган болсон. Чуулганаар хаврын тариалалт, хүнсний бодлого, чиглэлээ тодорхойлон, иргэдээ эрүүл хүнсээр хангах, хүнсний үнийн өсөлтийг сааруулах хүнсий аюулгүй байдлаа бэхжүүлэх талаар салбарынхан ярилаа.
Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь тогтвортой хөгжлийн хамгийн гол суурь баталгаа гэж энэ үеэр хэлсэн. УИХ-ын чуулганд мөн үг хэлэхдээ “Улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд шинэ “100 жил-10 зорилт” дэвшүүлж байгаагаа зарлав. Дээрх арван зорилтын нэг нь хүнсний аюулгүй байдал. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой” гэсэн юм. Орхигдож гээгдсэн мартагдсан мэт энэ сэдвийг хөндөж байгаа нь сайн хэрэг.
Монгол Улс зөвхөн төмс, гурил, махны хэрэгцээгээ л дотоодоос хангаж, хүнсний ногооны 40, будаа, элсэн чихэр, ургамлын тос, жимс, жимсгэнээ 100 хувь гаднаас авч байна. Энэ нь хүнсний хангамж, аюулгүй байдал ямар эмзэг байгаагийн илрэл. 2021 онд гэхэд л 852 сая ам.долларын хүнс гадаадаас худалдаж авсны 91 сая ам.долларыг хүнсний ногоо, жимс, жимсгэнэд зарцуулжээ. Энэ нь хүнс имтортоос маш хамааралтайг илтгэж байна. НҮБ дайны нөхцөл байдалтай холбоотойолон улсын хүнсний үнийн тогтворгүй байдал хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй талаар зөвлөмж гаргасан.
Уг зөвлөмжид “Дэлхийн хэмжээнд аль ч улс орны хүнсний экспортыг гэнэт, удаан хугацаагаар бууруулахад хүргэдэг дайн зэрэг нь олон улсын хүнсний түүхий эдийн үнэд нэмэлт дарамт учруулж, ялангуяа бага орлоготой хүнсний хомсдолтой улс орнуудад хохирол учруулж болзошгүйг дурдсан. Улс орнуудын хамгийн их арилжаалагддаг хүнсний бүтээгдэхүүний олон улсын үнийн өсөлт бусад хүнсний салбарт дам нөлөө үзүүлж, түүнчлэн дэлхийн хоол тэжээлийн дутагдалтай хүмүүсийн тоо нэмэгдэхэд хүргэж болох юм гэж үзэж байна.
Украин, ОХУ-ын хүнсний импортоос шууд хамааралтай улс орнуудын хүнсний хангамжийг “солонгоруулах” нь (diversification) мөргөлдөөний үед цочролыг шингээж, уян хатан байлгахад туслах түлхүүр болно. Аль болох худалдааны олон түншээс хүнс импортлох нь нэг дор үүсэх шокийг багасгах юм. Нэг боломж нь олон улсын худалдааны бусад эх үүсвэрээр дамжуулан “солонгоруулах” явдал, өөр нэг боломж бол одоо байгаа хүнсний нөөц, дотоодын үйлдвэрлэл дээрээ түшиглэж хүнсний олон янз байдлыг сайжруулж, хүнсний хангамжаа тогтвортой шийдэх явдал юм” гэжээ.
Тиймээс хөдөө аж ахуйн салбарт гарч болзошгүй сөрөг үр дагаврыг манай улс ч судалж, урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Цар тахлын үед л ОХУ, Казахстан, Украин улаанбуудайн экспортдоо хязгаарлалт тогтоож буйгаа зарласан нь улаан буудайн эрэлтийг нэмэгдүүлээд байв. Одоо дайнтай байгаа тус хоёр улсын экспорт хязгаарлагдаад буй нь дээрхээс улам хүндэрсэн. Тиймээс өргөн хэрэглээний хүнсний ихээхэн хэрэгцээгээ импортоор хангадаг манай улс ургамлын тос, масло гэхчлэн өдөр тутмын хүнсний хангамжаа цаашид хэрхэн шийдэх, хүнсний импортыг "солонгоруулах" тал дээр анхаарал хандуулах шаардлага тулгарч байна.
Хүнсний хомсдолын асуудал бол эртнээс глобал асуудлын нэг байсаар ирсэн. Аль 2010 онд НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн 30 оронд хүнсний хомсдол үүсэж, нөөц багассан гэжээ. Үүнд Монгол Улс багтсан.
Ийм нөхцөлд Монгол Улс өөрийн үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсолгүй оновчтой сонгосон хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээ хүнсний дутагдалтай улс орнуудад экспортлох боломж ч бий. Мөн хүнсний эрүүл ахуйн шаардлагад зайлшгүй анхаарах шаардлага бий. Чанартай эрүүл хүнс хэрэглээгүйгээс болж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал хэсэг. Хүнс бол иргэдийн эрүүл мэнд, амь настай шууд холбоотой. Эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ больчихсон нь бидний идэж байгаа хүнс, агаар орчны бохирдол нь эрүүл мэндэд ямар нөлөөтэйг анхааруулж байна. Тиймээс хүнсний аюулгүй байдалд тавих шаардлага, хяналт шалгалтыг чангатгах, стандартыг шинэчлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Хүнс бол дотооддоо ашиг олох том зах зээл. Аль ч талаасаа зүгээр нэг яриад өнгөрөх төдий орхиж үл болох сэдэв.
Харамсалтай нь хамгийн чухал энэ салбар манай улсад орхигдсон. Сая харин мэргэжлийнхэн чуулж анхаарал хандуулж байгаа нь талархууштай. Төрийн тэргүүн анхаарлыг хүнсний аюулгүй байдалд хандуулж байгаа нь сайшаалтай хэрэг. Дээр хэлсэнчлэн үндэсний авулгүй байдалтай шууд холбоотой учраас Үндэсний аюулгүй байдлын тэргүүн нь дуугарах нь зүйн хэрэг. Мэргэжлийнхэн чуулж, Ерөнхийлөгч үг хэлснээр хязгаарлалгүй, ажил хэрэг болгож, хуульчилж, стандартаа мөрдүүлж, цогц арга хэмжээ авах хэрэгтэй юм. Хамгаас чухал энэ хүнсний асуудлаа хараагүй, сонсоогүй, хамаагүй мэт хойг тавьж, хог дээр хаяж олон жилийг ардаа орхижээ. Энэ бол орхигдсон сэдэв буюу хүнсний аюулгүй байдал.
Сэтгэгдэл үлдээх