"ШИНЭ НОМ": "Геополитик", "Эрх зүй" шинэ хоёр ном уншигчдын хүртээл боллоо
Нийгмээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулдаг “Эрх зүйт ёс сан” нь Оксфордын их сургуулийн бүтээл Реймонд Ваксын - "Эрх зүй" товч танилцуулга, Клаус Доддсын - “Геополитик" товч танилцуулгыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр эмхтгэн уншигчдын хүртээл болголоо.
"Эрх зүй" товч танилцуулга номыг эмхэтгэн гаргасан хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр "Миний бие Оксфорд, Харвард, Кэмбридж зэрэг дэлхийн томоохон их, дээд сургуулиудын нэр хүндтэй профессоруудын бүтээлүүдийг эх хэлнээ орчуулан гаргахыг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдлөө биелүүлэх зорилгоор “Эрх зүйт ёс сан”-г байгуулж, эрдэмтэн профессоруудын бүтээлүүдийг үе шаттайгаар орчуулан гаргаж байна. Өнөөдөр тэдгээрийн үргэлжлэл "Эрх зүй", "Геополитик" гэсэн хоёр номын маань нээлт боллоо.
Өнөөдөр монголын залуучууд бүгд дэлхийн томоохон сургуулиудад суралцах боломжгүй байж болох ч тэдэнд эх хэл дээрээ тэдгээр сургуулиудын профессоруудын номыг унших боломжийг олгох нь чухал гэж бодож байна. Жилдээ 5-10 номыг эх хэлээрээ орчуулан гаргахад арван жилийн дараа тавин ном болно. Эдгээр номыг уншаад залуус маань дэлхийн хөгжилтэй төвөггүйхэн хөл нийлүүлэх боломж бүрдэх болов уу? гэж бодож байна" гэсэн юм.
Оксфордын их сургуулиас бэлтгэн гаргадаг товч танилцуулга цуврал нь сэтгэл судлал, шинжлэх ухааны философи төдийгүй Америкийн түүх, бүр харьцангуйн онол хүртэлх салбар бүрийн 350 орчим сэдвийг хэдийнээ хамарсан гэдгээрээ ихээхэн онцлогтой бөгөөд цувралыг салбарынх нь мэргэжилтнүүд бичсэн төдийгүй 40 гаруй хэлнээ орчуулагдаж уншигчдын хүртээл болжээ.
Сэтгэгдэл үлдээх