Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэлжээ.
Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.
Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ 12 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Зургаадугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хэрлэн голын эх, Орхон голын адгаар, Хэнтий нуруунаас усжих Ерөө, Балж, Хурх, Барх, Эг, Хангай нуруунаас эхтэй Идэр, Улиастай, Чулуут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна.
Зургаадугаар сарын 14-ний өдөр Хэрлэн голын дунд хэсгээр 10-50 см, Ерөө, Чулуут зэрэг голуудын усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна. Мөн ойрын өдрүүдэд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.
Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх