Г.Занданшатар: Үндэсний их баяр наадмын тухай хуулийг өнөө, маргаашдаа батал
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд нэр бүхий гишүүд Д.Ганбатад зориулсан, нэг хүнд зориулсан хууль өргөн барьсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр завсарлага авсан. Ер нь Монголд хоёр хуваагдаагүй юм алга. Тэрний нэг нь АН. Бидний ч буруу байгаа байх. Намын бүлэг найман гишүүнтэй. Бичгээ УИХ-ын даргад явуулсан. Уншиж танилцуулах хэрэгтэй" гэв.
Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар "Д.Ганбатыг ёс зүйтай байж, хууль дээдэлж ажиллахыг шаардаж байна. Намын бүлгийн даргаар таныг томилогдсоныг зарлачихсан, 11 гишүүнтэй. Түүнээс найман гишүүнтэй гэж зарлах эрх надад байхгүй" гэх хариултыг Д.Ганбат гишүүнд хэлэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, өргөн барьсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Энэ шеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатад даалгав.
Тэрбээр “Улсын баяр наадам болох гэж байна. Уяачид маань эв нэгдэлтэй, хувийн болон хэсэг бүлгийн эрх ашгаа хойш нь тавиад 100, 101 жилийн ойгоо тэмдэглэх ёстой.
Тиймээс Үндэсний баяр наадмын тухай хуулиар нэгдсэн нэг ойлголтой болох ёстой.
Гаднаас 3,782 адуу оруулж ирсэн гэдэг тоо баримт байдаг юм байна. Үүнийг үржлээр нь тооцох юм бол 900 мянга гаруй адуу цус холилдсон.
Гишүүн асан Ч.Улаанаас үндэсний монгол адууны уралдаан зохион байгуулъя гэдэг сайхан санал ирсэн байсан. Баяр наадмаа хуульчилдаг улс байхгүй. Монгол морины удмын санг хамгаалж, дэг журамтай нааддаг болохын тулд баяр наадмыг хуульчилж байна. Нэгэнт өргөн барьсан хуулийн төслийг нэг тийш нь болгож шийдэх ёстой. Тэгэхгүй бол хуульгүйгээс болоод баяр наадам болсонгүй гэдэг асуудал гарна шүү” хэмээн анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх