Хигашиүэ Шиничи: Монголд зүрх судасны төв байгуулаад зогсохгүй тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудалд анхаарна

Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд 50-60 сая ам.долларын хөрөнгө оруулалтааар Токүшүкай групп Монголд Зүрх судасны төв байгуулахаар болжээ. Энэ хүрээнд СХД-ийн нэгдсэн эмнэлэг, улсын 1 болон 3-р эмнэлэг, Япон-Монголын сургалтын эмнэлгүүдтэй танилцсан байна.
Токүшүкай группийн Ерөнхийлөгч Хигашиүэ Шиничи: "Манай багийнхан нийт дөрвөн эмнэлэгтэй танилцлаа. Одоогоор эмнэлгээ сонгоогүй байгаа ч Зүрх судасны мэс заслын төв байгуулахаар тогтоод байна. Би өөрөө Япон улсдаа хамгийн их зүрх судасны хагалгаа хийсэн эмч нарын нэг. Манай Токүшүкай группийн үүсгэн байгуулагч Токүда Торао маань хамгийн сүүлийн үеийн эмнэл зүйн аргачлалыг дэлхийд түгээх зорилготойгоор группийг байгуулсан. Тэр хүсэл зорилгыг нь би уламжлан аваад хэрэгжүүлж байна. Зөвхөн хүний нөөцийг хөгжүүлээд зогсолгүй тоног төхөөрөмж, барилга байгууламж байгуулахад хувь нэмрээ оруулах бодолтой байна. Тухайн төвийг байгуулах хөрөнгө мөнгөний хувьд группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцэж байж бодит дүнгээ хэлэх болно. Гэхдээ миний төсөөлж буйгаар 600 орчим сая иен байх болов уу" гэлээ.
Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Б.Баярсайхан: "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Японы хамгийн том эмнэлгийн группийн ерөнхийлөгч Монголд айлчилж байна. Энэ групп нь Японд 71 эмнэлэг, 30 гаруй клиниктэй хамгийн том хувийн эмнэлэг. Энэ удаа Монголд Зүрх судасны төвийг байгуулж өгөхөөр судалгааны ажлаа дуусгаж, 50-60 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулах яриа хэлэлцээрийг хийлээ. Зөвхөн Зүрх судасны төвийг байгуулаад зогсохгүй, япон монгол эмч нар туршлага солилцож, суралцахаар болсон. Бид Улсын гуравдугаар төв эмнэлэг, улсын нэгдүгээр төв эмнэлэг, Япон Монголын хамтарсан эмнэлэг, СХД-ийн нэгдсэн эмнэлэгтэй танилцсан. Манай улсын гол зүрх судасны төв нь улсын гуравдугаар эмнэлэгт байдаг. Тэнд бэлэн ТЭЗҮ нь байгаа" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх