Цэс Close

“Эрдэнэс-Тавантолгой” ХК  хөгжлийн хурдасгуур нэмж, Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад орууллаа

Гялайх гялтайх ганц сайхан юмгүй, харанхуй ангалд байгаа мэт бүгд нийлж, шүүмжилж суудаг энэ цаг дор  бүтээн байгуулалтын талаархи мэдээлэл сонсох үнэхээр таатай. Ойрын өдрүүдэд нэг хэсэг таг зогсчихсон олон төслүүд хөдлөх болсон талаар нааштай мэдээ чих дэлсэж байгаа. Тэр талаар доор  мэдээллийн талаар дуулгая.

Манай улс төсвийнхөө дийлэнхийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксожсон нүүрсний экспорт эзэлж байна.  Өнгөрсөн хугацаанд төмөр зам, дэд бүтцийн хүндрэл бэрхшээлээс үүдэж уул уурхайн бүтээгдэхүүн болон нүүрсийг автомашинаар тээвэрлэж байгаагаас зорьсон хэмжээнд хүртэл борлуулалт хийж чадаагүй.

Монголын хөгжлийн томоохон төслийг санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь шинэ төмөр зам барих хариуцлагатай үүрэг, даалгаврыг авч, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Богдхан төмөр зам зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг хариуцан голлон хийхээр болсон. Тэгвэл өдгөө шинэ төмөр зам эхнээсээ ашиглалтад орж чадлаа.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д  баяр хүргэх учиртай юм. Дээр хэлсэн өнөөх чих сонордсон таатай мэдээлэл маань энэ. Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын гол амин судас болох шинэ төмөр замуудын гол санхүүжилт хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК төр, хувийн хэвшилтэй хамтран бүтээн байгуулалтын гол ажлыг нугалж байгаа.

Тодруулбал, Засгийн газрын 2018 оны 242 тоот дээрх тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлж, төслийн санхүүжилтийг хариуцах үүргийг өгсөн байдаг. Үүний дагуу Тавантолгой Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төсөлд 2.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг хийжээ. 

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнгөрсөн баасан гариг буюу 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шинээр баригдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км шинэ төмөр замын нээлт болж өнгөрлөө. Бидэндээ бол  магнай тэнийм сайхан үйл явдал.

Ашиглалтад орж буй Тавантолгой-Гашуусухайт төмөр зам нь газар зүйн байршлын хувьд манай улсын экспортын гол амин судас цэг юм. Нийт экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Ханги боомт нь газарзүйн байршлын хувьд Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын дунд байрладгаараа стратегийн хувьд тун ач холбогдол өндөртэй.

Тавантолгой-Гашуусухайт төмөр зам “Хоёр өртөө зургаан зөрлөг бүхий автомат хориглолттой, уулзваргүй жилд 50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай хөгжлийн хурдасгуур болсон, анхны нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын цогц бүтээн байгуулалт” болж байна гэдгийг нээлтийн үеэр онцлон дурджээ.

Ийнхүү монголчууд 70 жилийн дараагаар дэлхийн стандартад нийцсэн экспортын гол гарц болох 240 км төмөр замтай боллоо. Монгол инженер, монгол залуусын ур ухаанаар өөрсдөө анх удаа төмөр замаа барьж чадлаа, ашиглалтад орууллаа. Тун удахгүй дараачийн шинэ төмөр зам баригдаж дуусах гэж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 226 км төмөр замын туршилтын тээврийг өнгөрсөн зунаас эхлэн амжилттай явуулах болсон.

Энэхүү шинэ хоёр төмөр замыг холбох 22 км төмөр замыг барих хөрөнгө оруулалтыг мөн “Эрдэнэс-Тавантолгой” хариуцан эхлүүлсэн байгаа. Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байна.

Манай улсын эдийн засгийг тэлэх амин чухал ач холбогдолтой төмөр замуудыг шинээр барьж ашиглалтад оруулж эхэлсэн нь экспорт, импортын цоо шинэ гарцуудыг тэлж нээлээ. Цаашид манай улс жилдээ 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой болж байна.

Төмөр замтай болсноор Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайн олборлолт хэд дахин нэмэгдэж, Монголын нутаг дэвсгэр доторх нүүрсний тээврийн зардал хэд дахин буурахаар боллоо.

Дашрамд дурдахад, “Эрдэнэс-Тавантолгой”-н бүтээн байгуулалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтод нүүрсний тээврийг хурдасгах нэгдсэн терминал энэ жилээс эхлэн ашиглалтад орсноор орчин үеийн ухаалаг автомат системд холбогдож, нүүрсний экспорт, хилийн нэвтрүүлэх хүчин чадал хэд дахин нэмэгдсэн.

Маш олон жил ярьж, сүүлдээ улстөржиж, хэсэг зогсонги байдалд орсон Гашуунсухайтын  төмөр зам ийнхүү ашиглалтад орлоо. Экспортын гарцаа тэлсэн нь эдийн засгийн хөгжилд том түлхэц үзүүлж,  уул уурхайн бүтээгдэхүүнээ хүргэх боломж нээгдэж, Монгол Улсын хөгжилд хурд нэмж чадлаа.

Б.Долзодмаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах