Цэс Close

“Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-нд болно

ШУА-ийн Философийн хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна. Хурал 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Holiday Inn” зочид буудлын 19 давхрын хурлын танхимд болох юм байна.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаар Монголын нийгмийн хөгжил, сэтгэлгээний өөрчлөлтийг философи, социологи, улс төр судлал, эрх зүй, буддын судлал, шашин судлал зэргийг нийгэм, хүмүүнлэгийн ухааны үүднээс шинжлэн судалсан үр дүнг хэлэлцэх юм байна.
Хэлэлцэх асуудлыг тодруулбал,

Хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаан:

  • Монголын нийгмийн хөгжлийн философи, монголчуудын сэтгэлгээний өөрчлөлт;
  • Монгол дахь дорнын болон өрнийн философийн судалгаа, арга зүй, чиг хандлага;
  • Монгол дахь шашин судлалын үүсэл;

Нийгмийн шинжлэх ухааны салбар хуралдаан:

  • Өнөөгийн монголчуудын тусгаарлагдалт
  • Монгол болон Орос дахь албан бус хөдөлмөр эрхлэлт;
  • Монгол дахь улс төр, эрх зүйн судалгааны төлөв, хандлага;
  • Орос-Монголын харилцаа, соёл иргэншлийн хандлага.

“Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэн болон Сибирийн салбар, Алс дорнодын холбооны ИС, Буриадын Улсын ИС, БНХАУ-ын Өвөр монголын Багшийн ИС, МУ-ын Төрийн албаны зөвлөл, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Улс төрийн боловсролын академийн эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн ШУА-ийн хүрээлэнгүүд, төрийн байгууллагууд, Их, дээд сургууль, судалгаа шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцохоор болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах