Цэс Close

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Монгол, Орос: Шинэ нөхцөл байдал дахь түншлэл” чуулга уулзалтад оролцов

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо 2022 оны 05 дугаар сарын 27-28-ны өдөр зохион байгуулагдсан “Монгол- Орос: шинэ нөхцөл байдал дахь түншлэл” анхдугаар чуулга уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцлоо.

Чуулга уулзалтад Монгол Улсаас төр болон бизнес, хувийн хэвшлийн 500 гаруй төлөөлөгч оролцон, хоёр орны хооронд хамтран хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хэтийн төлөв болон бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлууд, хамтын ажиллагааны цаашдын олон боломжуудын талаар санал, мэдээлэл солилцсон бөгөөд чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд манай улсын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцсон юм.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн чуулга уулзалтын Нэгдсэн хуралдаанд илтгэгчээр оролцон хэлсэн үгэндээ: Манай хоёр орны Засгийн газрын түвшний хамтын ажиллагааны гол механизм болох Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааны Протоколын хэрэгжилтийг хангах зорилгоор “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн III үе шат  хэрэгжүүлж, хил дамнасан малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Монгол Улсаас ОХУ-д экспортлох мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, “Газар тариалангийн техникийн шинэчлэл хөтөлбөр”-ийн III үе шатыг хамтран хэрэгжүүлж ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэгдэх хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж,  баруун болон зүүн бүсэд тус бүр нь 10 мянган тоннын багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг шинээр байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа тухай, мөн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад нийлүүлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний импортын төлбөрийн шилжүүлэг хийгдэхгүй буцаагдах тохиолдлууд сүүлийн үед тогтмол гарч байгаа нь манай улсад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомстол үүсэх эрсдэлийг бий болгож болзошгүй байгаа тул хоёрны хооронд төлбөр тооцоо хийх найдвартай шинэ гарцыг бий болгох шаардлагатай байгааг онцолсон юм.

Түүнчлэн чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Монгол, Оросын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдааны үеэр  хэлэлцсэн гол асуудлууд:

  • ОХУ-ын Засгийн газраас зарим нэр төрлийн бороондоо тоон хязгаар тогтоосонтой холбогдуулан Монгол Улсын бордоо импортлогч аж ахуйн нэгжүүд азотын болон нийлмэл бордоо худалдан авахад гарч буй хүндрэлийг яаралтай шийдвэрлэх;
  • Монгол Улсаас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн, нарийн, нарийвтар ноос болон хөнгөн үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх.
  • Бүгд Найрамдах Буриад Улсын тэтгэлгээр хөдөө аж ахуйн чиглэлээр оюутан сургах зэрэг олон чухал асуудлууд байв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах