Цэс Close

Ж.Сүхбаатар: Ирэх жил дахин 318 тэрбумаар 457 автобус авч, нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт гарна

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

"Түгжрэл бууруулах ерөнхий аргачлал нь нийтийн тээврийг хүртээмжтэй болгох юм. 2009 онд С.Баярын засгийн газрын үед 400 автобус авсан байна. 13 жилийн тэртээд парк шинэчлэлт хийсэн байна. Одоо нийт автобусны 75 хувийнх нь насжилт арваас дээш жил болсон байна. 576 автобус ашиглалтаас гарахаар хүндрэл үүснэ. Хоногт 2 сая 800 мянган хөдөлгөөн хийж буйн 1 сая 800 мянга нь хувийн машин байна. 685 мянга нь нийтийн тээврээр, 300 гаруй мянга нь явганаар зорчиж байна.

Бид хувийн машинаар зорчих хөдөлгөөнийг 1 сая 500 мянга болгоё. Нийтийн тээврээр зорчигчдыг 1 саяд хүргэе. Явган зорчигчдыг 64 хувиар нэмэгдүүлье хэмээн төлөвлөж байна.

Парк шинэчлэлийг гүйцээхэд засгийн газар 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авахаар тооцсон. Ирэх онд нийтийн тээврийн шинэчлэлтийг бүрэн хийж дуусгана. 24-өөс дээш суудалтай автобус оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас 2024 он хүртэл чөлөөлнө" гэж мэдээллээ.

Нийслэлээс хэрэгжүүлж буй нийтийн тээврийн паркийг шинэчлэхээр 594 автобус оруулж ирэх ажил нь дуусаагүй, үргэлжилж байгаа. Харин Засгийн газар дараагийн ээлжийн парк шинэчлэлийг гүйцээх ажил дээр том хэмжээний буюу 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авахаар төсөвлөсөн. Ингэснээр ирэх жил гэхэд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг бүрэн хийж дуусах юм байна.

Түүнээс гадна бүтэц зохион байгуулалт, менежмент муу байгаа асуудал хөндөгддөг. Нэгэнт эдийн засгийн ийм хэцүү нөхцөлд төр хөрөнгө гаргаж байж зүгээр л автобус оруулж ирээд орхиж болохгүй. Иймд нийтийн тээвэртэй холбоотой удирдлага менежментийн тогтолцоонд нь өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан гэж мэдээллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах