Г.Занданшатар: УИХ-ын гишүүний тангаргыг Их хааны эш хөрөг өглөө бүхэн бидэнд сануулж байх болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийг 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гаргасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг төрийн эрх барих дээд байгууллага-Монгол Улсын Их Хурал хэрэгжүүлж, чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залах ёслол УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар болон УИХ-ын гишүүд эш хөрөгт хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 159 дүгээр зарлигийн Нэгдүгээр зүйлд “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай” хэмээн заасан.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: “Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 оны долдугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Их Монголын төрт улсыг байгуулан мандуулж, монголчуудын суу алдрыг дэлхийн дайдад тунхаглан зарласан, Мянганы суут хүмүүн Их эзэн Чингис богдынхоо эш хөргийг, билиг сургаалынх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд ийнхүү залж байна.
“Хүннү нэрт өвөг дээдэс
Хүчийг олж хөрстөд дархалсан
Хөх Монголоо сэргээн мандуулаад
Хойчис та нартаа даатгасу, би” хэмээн Эзэн Чингис хаан маань Их Монголынхоо гал голомтыг бидэнд гэрээслэн үлдээсэн билээ.
Эцэг дээдсийнхээ бидэнд өвлүүлэн үлдээсэн Монгол эх орон, Монгол төрийн гал голомтыг эгнэгт мөнх бадрааж, улс орныхоо хөгжил дэвшил, монгол түмнийхээ амар амгалан, сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэх ёстойг,
Монгол төрийн хоймор болсон энэ танхимд, Эзэн Богдынхоо эш хөрөгний өлмийд Монгол Улсын шинэ сэргэн мандлыг хөтлөн замчлах сайн хууль, мэргэн бодлого боловсорч, төрийн түшээд маань гагцхүү хуульд захирагдан, өргөсөн тангараг, төрийн түшээгийн ёс зүйг дээд зэргээр сахиж, ард түмний засаглах эрх бүрэн утгаараа хэрэгжиж байх болно гэдэгт гүнээ итгэж байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх