ХКН-ын Их хурал: Хятадын онцлогтой шинэчлэл
Хятадын Коммунист Намын (ХКН) XX Их хурал энэ аравдугаар сарын 16-нд Бээжин хотын Ардын их хурлын танхимд эхэлсэн. Уг их хуралд тус намын нийт 2300 орчим төлөөлөгч оролцон, XIX их хурлаас дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилт, ахиц дэвшил болон цаашид хэрэгжүүлэх зорилт, төлөвлөгөөнүүдийг авч хэлэлцэж байна.
Хятадын Коммунист намын XX Их хурлын үндсэн илтгэлд “Хятадын онцлогтой шинэчлэл”-д дараах асуудал хэлэлцэгджээ.
Хятадын онцлогтой шинэчлэл
ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин намын их хуралд тавьсан илтгэлдээ, шинэчлэлийн хятад загварыг хэрэгжүүлэх замаар хятад үндэстний аугаа их сэргэн мандалтыг урагшлуулахад хүчин чармайлт гаргахыг уриаллаа.
Хоёр үе шаттай стратегийн төлөвлөгөөний дагуу Хятадын Коммунист нам 2020 оноос 2035 он хүртэлх хугацаанд социалист шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлж, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэлх хугацаанд чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёлжсон, эв найртай, гайхамшигт сайхан орчин үеийн социалист Хятад орныг цогцлоон байгуулах зорилтыг дэвшүүлжээ.
Ши Жиньпиний илтгэлд 2035 он хүртэлх хугацаанд Хятад улсыг хөгжүүлэхэд чиглэсэн үндсэн зорилтуудыг тодорхойлон заасан бөгөөд эдгээр нь: Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг дундаж хөгжилтэй улсуудын түвшинд хүргэх, улс орны “зөөлөн хүч”-ийг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн хаягдлыг аажмаар бууруулах, үндэсний аюулгүй байдлын тогтолцоог бүх талаар бэхжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх явдал юм.
Хятадын ард түмэн үүнийг хэрэгжүүлж чадна гэдгийг Синхуа агентлаг онцлон тэмдэглээд, Барууны ертөнцийн хэдэн зуун жилийн хугацаанд хийж гүйцэлдүүлсэн зүйлийг дэлхийн хоёрдахь том эдийн засаг болох Хятад улс хэдхэн арван жилийн дотор хэрэгжүүлж чадсан гэдгийг сануулан дурдлаа.
“Хятад улс шинэ аян замд гарлаа, иймээс Хятадын шинэчлэлийн чиглэл, зорилгыг сайтар тодорхойлох цаг нэгэнт иржээ, ингэж тодорхойлсноор Хятадын ард түмэн чиглэсэн зорилгодоо хүрэхийн тулд нэгдэн нягтарч чадна” гэж ХКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын сургуулийн профессор Чэн Шугуан тэмдэглэн хэллээ.
Шинэчлэл рүү тэмүүлсэн Хятад улсын бодлого олон улсын анхаарлыг татсаар байгаагийн учир нь, сүүлийн 100 жилд урьд хожид үзэгдээгүй гүнзгий өөрчлөлтүүдийн нөлөөнд автагдсан дэлхий дахин салаа замын уулзвар дээр дахин ирээд байна.
Барууны орнуудад явагдсан шинэчлэл нь асар их материаллаг баялгийг бий болгосон боловч түүнийг хэрэгжүүлэхийн тулд түрэмгийлэл, колоничлол, булаан эзлэлт, тэлэлтийн арга замыг сонгосон учраас цаашдаа явцгүй болсон. Ийм арга зам нь олон хүндрэлтэй асуудлыг үүсгэсний дотор баячууд ба ядуучуудын амьдралын түвшний ялгаа улам холдож, нөөц баялгийг шавхан ашиглаж, хүрээлэн буй орчинд хохирол учруулж байгаагаас илэрхий харагдаж байна гэж Синхуа агентлагийн нийтлэлд өгүүлжээ.
“Хөгжиж буй орнуудын хувьд Хятадын шинэчлэлийн загвар бол өөрсдийн нөөц боломжид түшиглэн, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цоо шинэ хувилбар юм. Шинэчлэлийг дээрэм тонуул, дайн тулаан, цус урсгах замаар бус энх тайвны замаар хийх боломжтой гэдгийг Хятадын практик туршлага батлан харуулж байна” хэмээн Ши Жинпиний илтгэлийг араб хэл рүү хөрвүүлсэн Суданы шинжээч Яхия Мустафа ярилаа.
Илтгэлд дурдахдаа “Ирэх 5 жил бол орчин үеийн шинэчлэгдсэн социалист улсыг бүрэн төгс байгуулах талаар хүчин чармайлт гаргахад шийдвэрлэх он жилүүд байх болно” гэдгийг онцлон дурдсан байна.
Сэтгэгдэл үлдээх