Хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэн М-д хилийн хориг тавьжээ
Урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн осол гаргасан Ч.М-д шүүхээс хилийн хориг тавьжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.М-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар ирүүлсэн саналыг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцжээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Сануулахад, өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарч байсан билээ.
Сэтгэгдэл үлдээх