Цэс Close

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд төр бүх талын дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг  эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.

ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтэд тулгуурладаг бөгөөд "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК 20 дахь удаагаа нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Мөн “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Хаан банк, Голомт банк, УБТЗ ХХК, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, НИК ХХК, Энержи Ресурс ХХК эхний 10-т эрэмбэлэгдсэн байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд болсон ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, баялаг бүтээгчдэд хандаж үг хэллээ.
Ерөнхий сайд,

Бид цар тахлын бас дайны үед ажиллаж амьдарч байна. Эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний эргэлт 10 дахин удааширч, инфляци 15 хувьд хүрсэн нэн амаргүй түүхэн сорилтыг хамтын хүчээр даван туулж байна. Энэ амаргүй цаг үед Засгийн газарт дэм болж ажлын байраа хадгалж, татвараа цаг хугацаанд нь төлж, шилдэг аж ахуйн нэгжийнхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлсэн ТОП-100 аж ахуйн нэгжүүд Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.

Хүнд өдрүүд шинэ боломжийг бий болгодог. Хүнд сорилт бас ухаарал, эв нэгдлийг өгч, суурь том реформын нийгмийн сэтгэлзүйг бүрдүүлдэг.

Монгол Улс Ардын хувьсгалын 100-аас 101 дэх жилд шилжиж хугацаанд, Ардчилсан хувьсгал ялж шинэ Үндсэн хууль батлагдсан 30 жилээс 31 дэх жилд шилжиж буй цагт цар тахал, дэлхийн геополитикийн томоохон өөрчлөлт давхцаж байгаа нь Та биднээс томоохон реформыг шаардаж байна гэсэн үг.

Тиймээс хамтдаа өөдрөг байж шинэ зуун, шинэ 30 жилийг хамтдаа эхлүүлье.

Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийн үзэл санаа ч, энэхүү баримт бичгийг хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх Монгол Улсад хөгжлийг сааруулж буй хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг өөрчилж, эдийн засгийн суурийг тэлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” ч бүхэлдээ энэхүү суурь шинэчлэлийн төлөө байх болно.

Миний олон удаа хэлж байгаачлан, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм. Төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэж хэллээ.


 

2021 онд ТОП-100 ААН-ийн нийт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 26 хувиар өсөж 5.3 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын нийт татварын орлогын 47 хувийг бүрдүүллээ. Борлуулалтын орлогын хэмжээ ДНБ-ий 82 хувьтай дүйцэж ажиллагсдын тоо 8.3 мянгаар нэмэгдэж 99 мянгад хүрчээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах