Нүүрсний хулгайн асуудлаарх нээлттэй сонсгол энэ сарын 21-нд болно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-нд явуулахаар тогтжээ.
Ерөнхий хяналтын сонсголыг дөрвөн сэдвийн хүрээнд явуулна. Үүнд,
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээ, 2020-2022 онд улсын хэмжээнд коксжих нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд, олборлолтын хэмжээ,
- Коксжих нүүрс тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн олсон орлого, Монгол Улсын боомт тус бүрээр экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсох
- Коксжих нүүрсний олон улсын зах зээл дээрх болон Монгол Улсын экспортлох өртөг болон БНХАУ-ын үнэ хоорондын хэт их зөрүү, энэхүү зөрүү мөнгө нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг эсэх,
- “Эрдэнэс Тавантолгой” компаниас Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэр хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар хэмжээний өртгөөр барьж байгуулсан тухай зэрэг асуудлыг хөндөх юм.
Уг сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах ба сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар төсөлд тусгагджээ.
Сэтгэгдэл үлдээх