Цаг уур, орчны шинжилгээний газар “хай пэймэнт солюшнс” ххк-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газар, “Хай Пэймэнт солюшнс" ХХК, "Breath Mongolia" НҮТББ хооронд агаар орчны бохирдлыг бууруулахад хамтран ажиллах гурвалсан санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцлоо. “Хай Пэймэнт солюшнс" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдол хэмжигч ухаалаг 55 төхөөрөмжийг орон даяар суурилуулж эхэлсэн ба мөн уг төхөөрөмжийн тухай олон нийтэд өнөөдөр нээлттэй танилцуулга хийв.
Уг төхөөрөмжийг Польш улсын Краков хотод үйл ажиллагаа явуулдаг “Airly” компани үйлдвэрлэдэг бөгөөд агаарын бохирдол хэмжигч ухаалаг, олон үзүүлэлттэй, эрчим хүч хэмнэдэг ба Польш улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, АНУ, европын холбооны агаарын бохирдол хэмжигч төхөөрөмжийн чанарын гэрчилгээ, Румын улсын “CSR AWARDS 2020” шилдэг инновацын төрөлд тэргүүн байр зэрэг олон шагнал хүртсэн юм байна. Уг төхөөрөмжийг дэлхийн 50 гаруй улс оронд суурилуулаад байна.
Тус төхөөрөмж нь нийт долоон үзүүлэлтээр агаарын бохирдлыг хэмждэг. Үүнд:
• Тоосонцрын 3 төрөл болох PM1.0; PM2.5; PM10;
• Хүхрийн давхар исэл SO2;
• Азотын давхар исэл NO2;
• Нүүрстөрөгчийн дутуу исэл CO;
• Озон O3 үзүүлэлтүүд багтана.
Уг арга хэмжээнд Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, “Хай пэймэнт солюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат, "Breath Mongolia" НҮТББ-ын Монгол дахь төслийн удирдагч Д.Амаржаргал нар оролцлоо.
Сэтгэгдэл үлдээх