Эрүүл мэндийн салбарынхан "Алхангаа ярилцъя" арга хэмжээг зохион байгуулж байна
Эрүүл мэндийн яам 2017 оноос ДЭМБ-ын “Walk the Talk” хөдөлгөөнд нэгдэн жил бүр хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, алхалтын ач холбогдлыг сурталчлах ажлыг зохион байгуулсаар ирсэн.
Энэ хүрээнд 2022 оны 06-р сарын 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн яам болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллага хамтран эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа сурталчилж байна. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцлоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Walk the Talk” гэдэг нь Хэлж байгаагаа ажил хэрэг болгох, ярьж буй зүйлээ өөрийнхөө үйлдлээр харуулах гэсэн утгатай хэлц үг юм. Бид алхах нь эрүүл мэндэд тустай гэдгийг зөндөө сонссон, мэддэг, алхах хэрэгтэй гэж ярьдаг боловч өөрсдөө алхдаггүй, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгоогүй байдаг. Тиймээс өөрсдөө алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээсээ салцгаая" хэмээн уриаллаа.
Энэ жил “Алхангаа ярилцъя” арга хэмжээний цар хүрээг өргөтгөн Монголын явган алхагчдын холбоотой хамтран “4 аймаг 400 км” уртын явган алхалтыг Алтай, Хангай, Говийн бүс нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт зохион байгуулж хүнд амд алхалтын ач холбогдлыг сурталчлав.
Сэтгэгдэл үлдээх