Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж , үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулагдаж байна
ийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээндэх салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад иргэд, бодлого боловсруулагч, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго энэхүү чуулга уулзалтыг ЭМЯ, ХӨСҮТ, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл хамтран Монгол Улсын Ерөнхий Сайд С.Оюун-Эрдэнийн ивээл доор 2022 оны 9 дүгээр сарын 30-нд өдөр улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Цар тахалтай зэрэгцэн урт хугацаанд нийтийн эрүүл мэндэд дарамт учруулж болзошгүй сүрьеэгийн асуудлыг дээд хэмжээнд хэлэлцэж буй энэхүү чуулганд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь "Сүрьеэгүй Монгол" лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг, Ц.Туваан, Б. Бейсен нар оролцож үг хэллээ. Мөн уг чуулганд Сүрьеэгийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн бүс нутгийн асуудал хариуцсан зөвлөх Андрей Моснега, Глобаль сангаас Монгол Улсын хөтөлбөрийг хариуцсан менежер Аллан Нфамба, Паул Нунн ахлагчтай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн хөтөлбөрийн хөндлөнгийн хараат бус үнэлгээ хийж буй багын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд болон ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх Глобал сангийн төлөөлөгчид, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сүрьеэгийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэг болон бусад олон улсын байгууллага, үндэсний мэргэжлийн баг хамт олон, эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцож байна. 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Сүрьеэгийн дээд хэмжээний чуулганыг зохион байгуулснаас хойш даруй 4 жил өнгөрсөн ч энэ цаг хугацааны бараг 3 жилд нь КОВИД-19-ын цар тахлын хүнд сорилтууд тулгарсан байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэхүү чуулган дээр хэлэхдээ хүн төрөлхтний түүхэн дэх нэн шинэ халдвар болох КОВИД-19-ийн цар тахлын эгзэгтэй цаг үед хүн төрөлхтний хамгийн эртний өвчин болох сүрьеэгийн асуудлыг хэлэлцэж дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж байгааг онцлоод цар тахал нь манай улс төдийгүй дэлхийн олон улс оронд сүрьеэгийн илрүүлэлт оношилгооны хожимдлыг үүсгэж байгааг онцоллоо.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобал сан зэрэг олон улсын байгууллагын хамтын хүчээр 1990 оноос хойш сүрьеэгийн тусламж үйлчилгээнд чамгүй ахиц дэвшлийг гаргаж чадсаныг дурдаад аливаа халдварт өвчнийг хяналтад оруулах хамгийн чухал арга хэмжээ бол эрт илрүүлж, оношлох, бүрэн төгс эмчилж эдгэрүүлснээр, нийгэмд халдвар тархах гинж хэлхээг таслан зогсооход чухал байдгийг цар тахал бидэнд харуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоог сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж орчин үеийн Молекулбиологит суурилсан оношилгооны арга ЖенеЭскперт шинжилгээг үндэсний хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлж, томоохон сумын эрүүл мэндийн төвөөс, лавлагаа шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд өнөөдрийн байдлаар нийт 41 нэгжид ашиглаж, богино хугацаанд өндөр мэдрэг аргаар сүрьеэ, ялангуяа эмд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлж, тохирох горимоор эмчлэх боломж бүрдээд байгааг хэллээ. Мөн лабораторийн шинжилгээнд чанарын хяналтыг гадаад хяналтыг сайжруулан 2021 оноос ЖенеЭскперт шинжилгээний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийг Өмнөд Африкийн “Смартспот” байгууллагатай хамтран эхлүүлж, 2021, 2022 онд бүх лабораториуд амжилттай хэрэгжүүлж, гүйцэтгэл нь олон улсын түвшинд хүрснийг сайшаалаа. Сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоонд нэн чухал дүрс оношилгооны орчин үеийн бүрэн дижитал зөөврийн рентген аппаратыг улсын хэмжээнд үе шаттай нэвтрүүлж одоогийн байдлаар сүрьеэгийн 33 нэгжид ашиглаж байгаа нь томоохон дэвшил болсныг онцоллоо. Эдгээр өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг зөвхөн сүрьеэд ашиглаад зогсохгүй, КОВИД-19-ын цар тахлын тусламж үйлчилгээнд чухал үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэж, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хамт олонд талархал илэрхийллээ.
"СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ТООНЫ ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨХ БИШ, ХАРИН ЧАНАРЫН ТОДОРХОЙ АХИЦ ДЭВШИЛ" ГАРГАХЫГ УРИАЛЛАА.
2018-аас 2022 онуудад Булган аймгийн Булган сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Дорноговь аймгийн Сайншанд сум зэрэг хүн ам олноор төвлөрсөн, дотоодын шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал ихтэй, сүрьеэгийн өвчлөл өндөртэй орон нутагт Халдварт болон сүрьеэгийн 30 ор бүхий эмнэлгийг ашиглалтад ороод байгааг тэрээр дурдаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгож буй сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний заавар удирдамжийг богино хугацаанд өөрийн оронд хэрэгжүүлж олон эмд тэсвэртэй сүрьеэтэй үйлчлүүлэгчийн 60 хувь нь богино горимоор эмчлэгдэж байгаа нь энэхүү горимыг амжилттай нэвтрүүлсэн орнуудыг Монгол улс түүчээлж байгааг онцоллоо. Манай улсын СТРИМ багийн судлаачид энэхүү эмчилгээний горимыг дэлхий дахинд нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэнд баяр хүргэлээ. Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд эмийн чанар, аюулгүй, найдвартай байдал нэн тэргүүнд тавигдах асуудал бөгөөд Монгол Улсын Засгийн газар үүнд онцгой анхаарал хандуулж, ДЭМБ-ын стандартын шаардлага хангасан сүрьеэгийн эмийг Олон улсын байгууллагаас шууд гэрээгээр худалдан авах боломжийг Засгийн газрын 415 дугаар тогтоолоор баталгаажуулж, 2018 оноос Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад сүрьеэгийн 2-р эгнээний эмүүдийг нэмж, 2019 оноос Бодлогоор бүртгэх эмийн жагсаалтад Монгол Улсын эмийн бүртгэлгүй сүрьеэгийн эмүүдийг оруулж жил бүр шинэчилж байна. Эмд мэдрэг сүрьеэгийн эмийн санхүүжилтийг 100 хувь Улсын төсвөөс, харин эмд тэсвэртэй сүрьеэгийн эмийн санхүүжилтийг 2017 оныг хүртэл 100 хувь Глобал сангаас хариуцаж байсан бол 2017-2020 оны төслийн жилээс санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газарт аажмаар шилжүүлж, өнөөдрийн байдлаар 20 хувийг хариуцаж байгааг тэрээр мөн дурдлаа.
Сүрьеэгийн тусламж үйлчилгээний хүний нөөцийг бэхжүүлэх бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, “Сүрьеэгийн эмчийн мэргэшил олгох” сургалтыг 9 сарын хугацаатай, тэтгэлэгтэй болгосон. 2018-2020 онд Глобал сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн эмчийн мэргэшүүлэх богино хугацааны сургалтыг төгссөн 28 эмчээс 25 (89.3%) нь сүрьеэгийн салбарт ажиллаж байна. 2020-2021 онд 22 эмч суралцаж төгссөн бөгөөд 2021 онд хийсэн сүрьеэгийн хүний нөөцийн судалгаагаар 2011 онтой харьцуулахад 15.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс эмчийн тоо 28.6%-иар өссөн үзүүлэлттэй байна. Глобал сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд богино хугацаанд сүрьеэгийн эмчээр бэлтгэгдсэн залуу боловсон хүчнүүд маань КОВИД-19-ын цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж хувь нэмрээ оруулсанд мөн талархал илэрхийллээ. С.Энхболд сайд хэлсэн үгэндээ мөн Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж төр хариуцах эмнэлгийн эрчимт, яаралтай, түргэн, төрөлт, сүрьеэ, халдварт өвчин, анхан шат зэрэг нэн шаардлагатай тусламж, үйлчилгээнд зарцуулах санхүүжилтийн хэмжээг оношинд хамааралтай бүлгээр тодорхой болгон тарифжуулсан нь уг төрлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэвшил гарсныг дурдлаа. Мөн сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, тандалт судалгаанд шинэ технологийг нэвтрүүлэх, нотолгоонд суурилсан хариу арга хэмжээ авах чадавхыг бүрдүүлэх ажлын хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллагын хамтарсан "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" (SATREPS)-ийн хүрээнд "Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийг 2020 оны 11 сараас 2025 оныг дуустал хугацаанд Монгол талаас Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Япон Улсын Хоккайдогийн их сургууль, Японы Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран хэрэгжүүлж байна.Тус төслийн хүрээнд Бүрэн геномын дараалал тогтоох дараа үеийн технологи (NGS)-ийг ашиглан сүрьеэгийн үүсгэгчийн геномын дараалал тодорхойлох аргыг ХӨСҮТ-д нэвтрүүлж, боловсон хүчнийг Япон улсын Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд сургаж чадавхжуулах ажил хийгдэж байгааг мэдээллээ.
БНСУ-ын Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, КОЙКА байгууллагатай хамтран сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх интерферон гамма тодорхойлох шинжилгээг энэ оны 10 дугаар сараас ХӨСҮТ-д, ирэх онд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдан тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, урт хугацааны асаргаа сувилгаатай, хавсарсан өвчин эмгэгийн улмаас Өрхийн эрүүл мэндийн төвд ирж явуулын идэвхтэй илрүүлэлтэд хамрагдах боломжгүй сүрьеэтэй үйлчлүүлэгчийн хавьтлыг гэрт нь очиж үзлэгт хамруулахад зориулсан зөөврийн Mine X-ray аппаратыг мөн энэ 10 дугаар сараас эхлэн ашиглахаар ажиллаж байгаа бөгөөд Хэнийг ч сүрьеэгийн тусламж үйлчилгээнээс орхигдуулахгүй байх нь бидний зорилго юм гэдгийг эрүүл мэндийн сайд онцоллоо.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сүрьеэг устгахын төлөө нэгдэн тархалтын эсрэг хариу арга хэмжээ”-ний бодлогын тунхаглалд үл ялгаварлан гадуурхах, тэгш байх, хүний эрхийг дээдэлсэн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах, дэмжих, тэгш хүртээмжтэй байх талаар тусгагдсан. Энэхүү тунхагийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Сүрьеэтэй тэмцэх холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, ХӨСҮТ зэрэг байгууллагууд хамтран гүйцэтгэсэн “Сүрьеэгээс улбаатай гутаан доромжлол, ялгаварлан гадуурхлын үнэлгээ”-ний үр дүнгээс харахад сүрьеэгийн ялгаварлан гадуурхал нэлээд өндөр байгаа нь харагдаж байгаа нь тулгамдсан асуудал болоод байгааг эрүүл мэндийн сайд дурьдлаа. Хэдийгээр сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр олон талын арга хэмжээг авч, ахиц дэвшил гарч байгаа хэдий ч шийдвэрлэх шаардлагатай олон олон асуудлууд байсаар байгааг тэрээр онцоллоо.
Эрүүл мэндийн сайдын урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 10 гаруй зөвлөх мэргэжилтэнтэй хамтарсан Сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээг 6 чиглэлээр хараат бусаар хийж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж чиглэлийг гаргаж өчигдөр энэхүү урьдчилсан үр дүнтэй танилцсанаа С.Энхболд дурьдаад энэхүү үнэлгээг хийхэд техникийн болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,Сүрьеэгийн төслийн хамт олонд дахин талархал илэрхийлж, үнэлгээний багаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээг авч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл үлдээх