Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг 11 яаманд шилжүүлнэ

Засгийн газраас Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгах шийдвэрийг гаргасан. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг дараах 11 чиглэлийн яамдад дараах орон тооны хязгаартайгаар нэгдүгээр сарын 1-нээр шилжүүлэхээр энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдээд байна.
Үүнд:
Урьдчилсан байдлаар:
- Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
- Барилга, Хот Байгуулалтын Яам
- Соёлын Яам
- Боловсрол, Шинжлэх Ухааны Яам
- Зам, Тээвэр Хөгжлийн Яам
- Эрүүл Мэндийн Яам
- Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам
- Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам
- Эрчим Хүчний Яам
- Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
- Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд мэргэжлийн хяналтын чиг үүргүүд очно.
Тэрбээр... Үндсэн хуулиар Монгол Улсын төр нь иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүргийг хүлээдэг. Тиймээс хүний эрүүл ахуй, амь нас, байгаль орчны аюулгүй байдалтай холбоотой хяналт төрд үлдэх ёстой. Эдгээрээс бусад төрлийн хяналтыг төрөөс хувийн хэвшлийн байгууллагууд болон ТББ-уудад шилжүүлж, тэр замаар хяналт шалгалтыг тавьдаг болно. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаас Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг УИХ-д өргөн барих гэж байна. Ингэснээр мэргэжлийн холбоод байгуулагдах хууль, эрх зүйн боломж бүрдэнэ.
Жишээ нь, зоогийн газрын үйл ажиллагааг явуулж байгаа байгууллагууд биш ийм чиглэлээр мэргэжил эзэмшсэн иргэд нийлээд мэргэжлийн холбоог байгуулж яваад байгаа. Тэгвэл танхимын хууль батлагдсанаар ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд нэгдээд мэргэжлийн холбоо байгуулдаг байх ёстой. Энэ мэргэжлийн холбоонд нь тэр салбарын мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлнэ гэсэн зорилгыг агуулж байна. Өнөөдөр байгаа холбоодод шууд шилжүүлэхэд учир дутагдалтай байна.
Тэгэхээр үйл ажиллагаагаа эрхэлж байгаа ААН-үүдийн холбоодод мэргэжлийн хяналтын чиг үүргийг олгосноор мэргэжлийн түвшинд хяналтаа тавих бүх нөхцөл бүрдэнэ. Нэг талаасаа хяналт тавина, нөгөө талаас салбарын хөгжилд хувь нэмэртэй гэж үзэж байна. Ингэснээр төр аж ахуй эрхлэгчдэд үзүүлэх дарамт, хүнд суртал арилах боломжтой, нөгөө талдаа мэргэжлийн байгууллагууд нь өөрөө өөрсдөдөө шаардлага тавих нөхцөл бүрдэнэ. Ирэх жил мэргэжлийн хяналтын салбарт хөгжил дэвшил авчрах жил байх болно" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх