Хөгжлийн банкны сонсгол Засгийн газарт дүн тавилаа

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнгөрсөн долоо хоногт Төрийн ордноо үргэлжиллээ. Таван өдрийн турш үргэлжилсэн сонсголд 60 компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж, гэрчүүдээс тайлбар, мэдээлэл авсан юм. Нийтдээ давхардсан тоогоор 306 гэрчийг дуудсанаас 175 нь оролцжээ. Мөн Хөгжлийн банкны одоо ажиллаж буй удирдах 9 ажилтан, дөрвөн ТББ-ын төлөөлөл, Улсын ерөнхий прокурорын газраас хоёр, АТГ-аас гурав, Цагдаагийн ерөнхий газраас гурав, Сангийн яамнаас хоёр хүн ажиглагчаар оролцсон байна. Сонсголыг нээлттэй зохион байгуулж МҮОНТВ-ээс эхлээд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан нь олон нийтийн таалалд нийцлээ. Иргэдийн мэдэх эрхийг хангаж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ард чухам юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үйлдвэр барина, бүтээн байгуулалт хийнэ гэж авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, хувийнхаа хэрэглээнд зарцуулсан, бүр казино тоглосон гээд бүх зүйлийг баримтаар ил болгов. Энэ мэтээр болоогүй, бүтээгүй муу бүхнийг ярьсан боловч өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрх баригчид, Хөгжлийн банкны удирдлагууд татвар төлөгчдийн мөнгөний араас сайн явж үр дүнтэй ажилласан нь харагдлаа.
2022 оны эхэнд Хөгжлийн банк нийт 67 зээлдэгчтэй, 3.2 их наяд төгрөгийн зээлийн багцтай байв. Үүнээс 44.7 хувь нь буюу 37 нь хэвийн болон анхаарал хандуулах шаардлагатай, 55.3 хувь нь чанаргүй зээл 30 зээлдэгч нь чанаргүй зээлийн ангилалд орж Монголбанкны акт тогтоогдсон байдалтай байлаа. Анхаарал хандуулах шаарлагатай 44.7 хувийн зээл нь өндөр эрсдэлтэй байсан гэсэн үг. Мөн банкны үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээ 9 хувиас дээш байх ёстойгоос 1.3 хувьтай, чанаргүй зээлийн харьцаа 12 хувиас доош байх ёстой атал 55.3 хувьтай байв. Түүнээс хойш жилийн дотор 994.7 тэрбус төгрөгийн зээлийг эргэн төлүүлж 2.2 их наяд төгрөгийн зээлтэй, 53 зээлдэгчтэй болоод байна. Эргэн төлөгдсөн зээлүүдийн 724.4 тэрбум төгрөгийг бэлнээр, 180.6 тэрбумыг үнэт цаасаар, 89.7 тэрбумыг үл хөдлөх хөрөнгөөр барагдуулжээ. Одоо байгаа 2.2 их наяд төгрөгийн зээлийн 1.2 их наяд төгрөг нь чанаргүй зээл байна. 1.6 их наяд төгрөгийн 37 зээлийн асуудал хуулийн байгууллага, шүүхийн үйл ажиллагаанд байгаа ажээ. Үүнээс 33 зээл нь Хөгжлийн банкны нэхэмжлэлтэйгээр иргэний шүүхээр байгаа юм байна. Өнгөрсөн онд 412.5 тэрбум төгрөгийн 10 зээлийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж, иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр 232 тэрбум төгрөгийн дөрвөн зээл хаажээ.
Хөгжлийн банк нь 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй 30 тэрбум иенийн “Самурай” бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тус бондын үндсэн төлбөрийг ирэх арванхоёрдугаар сарын 25-д төлөх хуваарьтай. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас эхлэн Монголбанк дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулжээ. “Самурай” бондын үндсэн төлбөр болох 30 тэрбум иен нь өнөөгийн ханшаар нийт 762.3 тэрбум төгрөг бөгөөд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бондын үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжтой болжээ. Ийнхүү Засгийн газар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн араас уйгагүй явсны үр дүн дээрх байдлаар гарсан байна. Төрийн ордонд таван өдрийн турш үргэлжилсэн хэлэлцүүлгийн үеэр зээл авсан аж ахуйн нэгжүүд, өмнө нь Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүсийн хариуцлагагүй байдал л яригдсан. Харин үүний цаана Засгийн газар, Хөгжлийн банкны удирдлагууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрхэн сайн ажилласан нь сүүдэрт нуугдан үлдлээ. Аливаа асуудлын мууг нь ярихдаа сайныг нь ч бас олж хардаг байх хэрэгтэй юм.
Сэтгэгдэл үлдээх