Хөгжлийн банкны нээлттэй сонсгол нь төрд байгаа луйвартай тэмцэх бодит хөшүүргэ боллоо
Хөгжлийн банкнаас зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг Нотлох баримтыг шинжлэн судлах парламентын сонсголоор ил тод дуудан асууж, гэрчээс асуулт асууж, хариулт сонссон нь Монголын парламентат ёсны түүхэнд анхны тохиолдол болов.
УИХ, Засгийн газар хуулийн хэрэгжилтэд ард түмний нэрийн өмнөөс, ард түмнийг төлөөлөн дээд хяналт тавих төлөөлөгчдийн байгууллага гэдгээ энэхүү сонсголоор харуулж чадлаа. Энэ сард болсон эхний сонсголоор олон хамсаатан, оролцогч, зээлдэгчтэй ч эргэн төлөлт нь хийгдээгүй, зээлийг зориулалтын бусаар ашигласан гэх Хөгжлийн банкны зээлийн асуудлын мэдээллийг ард түмэн ил тод сонсч, хариуцлага нэхэх боломжтой болсон нь тун олшуурхууштай байна. Сонсголын нээлттэй байдлаас үзэхэд дээгүүрээ юу болдгийг, улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс зээл авах гэж яаж хуйвалддагийг, зээлээ хэрхэн эргэн төлөхгүй үрэн таран хийж бултаж байгааг ард түмэн сонслоо. Ирэх хоёр, гуравдугаар сард нээлттэй сонсгол цааш үргэлжлэн явагдана.
Ямартаа ч Хөгжлийн банкны нээлттэй сонсгол зохион байгуулагдсан нь Монголын төр ард түмэнтэйгээ нийлж хариуцлага тооцох, төрд байгаа луйвартай тэмцэх бодит хөшүүргэ болж байна. Хариуцлагаас мултрах аргагүй ил тод болж буй Хөгжлийн банкыг тойрсон авлига, албан тушаалтны хэргийг одоо хууль хяналтын байгууллага ажлаа шударгаар явуулж, тэдэнд хатуу хариуцлага тооцох ёстой юм.
Сэтгэгдэл үлдээх