Н.Энхбаяр: Шинэ Үндсэн хуультай болох нийгмийн захиалга, хэрэгцээ байна
Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгийнх нь гишүүд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг "Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Монгол үндэсний ардчилсан нам, ШИНЭ нам хамтарч, өөрсдийн 10 гаруй жилийн хугацаанд боловсруулсан төслүүдээ нэгтгэж, нэг төсөл болгож боловсруулсан. Төсөл боловсруулах даалгавар нь Ерөнхий сайдын захирамжаар гарсан. Ингээд уг төслөө энэ оны нэгдүгээр сарын 3-нд Ерөнхий сайдад гардуулж өгсөн. Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн 70 хувь нь шинэ Үндсэн хуулийг хэлэлцэхийг шаардсан. Улс төрийн 24 нам шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй гэж нэгдээд тунхаглалд гарын үсгээ зурсан. Бид Засгийн бүх эрх мэдлийг ард түмний гарт жинхэнэ ёсоор атгуулахын төлөө чин сэтгэлээр ажилласан. Тиймээс шинэ Үндсэн хуулийн төсөлд Бүгд найрамдах засаглалын үндсэн зарчим бол ард түмний төлөө, ард түмнээс сонгогдсон ард түмний засаглал мөн гэж хуульчлах санал оруулсан. Түүнчлэн байгалийн баялгийг төрийн өмчит байгууллагаас салгаж, ард түмэндээ өмчлүүлэх, зэрэгцээ ажилладаг хоёр танхимтай парламент байгуулах заалтыг хуулийн төсөлд тусгасан. Нэг танхим нь тухайн орон нутгийн иргэдээс бүрддэг дээд танхим. Нам бус хүмүүс ч орж болно. Дээд танхим нь төрийн эрх барих дээд байгууллага. Хянана, хариуцлага тооцно, шаардлагатай бол тодорхой томилгоо хийдэг байгууллага байх юм. Нөгөө талд нь өнөөгийн тогтолцоог төгөлдөржүүлнэ. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, Үндсэн хуулийн цэцийг татан буулгаад дээд шүүхэд нэгтгэх, тангарагтны шүүхтэй болох, хоёр намын системийг халснаар олон намын системд шилжих, орон нутагт улс төрийн үйл ажиллагааг хязгаарлах, хүний эрхийн дээд зөвлөлийг байгуулж, Ерөнхийлөгчийн дэргэд ажиллуулах гэх мэт зарчмыг олон асуудлыг төсөлд тусгасан. Дөрвөн намын төлөөлөл болон эрдэмтдийн төлөөлөл олонхын санал авсан зүйл заалтыг хуульд тусгасан" гэв.
Ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаяр "Шинэ Үндсэн хуультай болох нийгмийн захиалга, хэрэгцээ байгаад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд залуу хүний хувьд мэдрэмжтэй хандсан. Тэгээд "Намууд үүн дээр ажилла, бидний шүүмжлээд суухын оронд саналаа хэл. Та бүхний саналыг аваад ард түмнээрээ хэлэлцүүлье" гэсэн сайхан сэтгэлийг агуулсан. Ерөнхий сайд залуу хүн. Цаг үеэ мэдрээд дахиад нэг шинэ цаг эхлүүлэх гээд байна шүү дээ. Өөрөө шууд хэлчих гэхээр янз бүрийн байдлаар мушгидаг тул ард түмнээрээ хэлэлцүүлье гэсэн санаа. Тиймээс Ерөнхий сайд энэ ажлыг манлайлаасай гэж бид хүсэж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга ч мөн адил. Нэгдүгээр сарын 03-нд захирамжийнх нь утга агуулгад нийцүүлэн Ерөнхий сайдад өргөн барьсан. Хүний эрхийг дээдэлсэн, шинжлэх ухаанч хуулиа гадаадуудад өгөөд судлан шинжлүүлье гэдэг үүднээс өгсөн. Хамгийн сүүлд ард түмэн шийдвэр гаргана. Ард түмэндээ бэлэг болгон барьж байна. УИХ-ын даргад өчигдөр өгсөн" гэв.
Сэтгэгдэл үлдээх