Х.Баттулга: "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" баригдах ёстой гэдэгт одоо хүртэл итгэлтэй байдаг
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга оролцож байна. Түүнийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-д Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотой асуудалд гэрчээр дуудсан юм.
Шинжээчийн дүгнэлттэй танилцсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Энэ яг юу нь болохгүй болчихоод байгаа юм бол. Монгол Улс газрын доорх баялгаа боловсруулах ёстой гэж үзээд, УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр нь гарсан. Бидний хувьд анхных учраас мэдэхгүй. Гадаадын байгууллагыг хөлслөхөөс аргагүй. Мөнгөгүй бол хөдлөхгүй. Би чинь нэлээд гэгээлгээр харж, ажлууд хийгээд явсан. Би хийсэн ажлаараа бахархдаг, дуусгана ч гэж бодож байна. Энэ ажлыг би өөрөө хариуцвал дуусгаж чадна. Нийт 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх ёстой. Монголын Засгийн газар 34 хувийг нь оруулахад 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой юм. Үлдсэн 66 хувийг нь хувийн болон гадаадын хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх ёстой. Ерөнхийлөгч байх хугацаандаа энэ ажлуудыг хийгээд Тавантолгойгоос сайншанд хүртэлх 416км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуул, байгаль орчны шинжилгээ гэхчлэн янз бүрийн ажлуудыг нь амжуулсан. Одоо Монгол Улсын Засгийн газар энэ хөрөнгөө 2 тэрбум ам.доллароор үнэлж болж байна. Бодвол та нар гадаад, дотоодод сургууль соёл төгссөн боловсролтой хүмүүс байх. Татан буулгаж байхын оронд Монгол Улсын Засгийн газар “2 тэрбум ам.доллараа 34 хувь гэж үнэлж байна, үлдсэн 66 хувь дээр нь гадна дотнын хөрөнгө оруулагч нарыг дуудаж байна” гэж зарлах ёстой шүү дээ. Энэ ажлыг би хариуцаад явбал босгочихно. Үнэхээр харамсалтай нь бүтэн нэг жил АТГ, ЭЦА ороод бүгдийг нь шалгачихсан. Баахан хүн аваачиж хоёр жил шалгасан. Баахан хүн аваачиж шоронд хийсэн. 35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийнэ гэдэг тийм амар ажил биш шүү дээ. Монголын Засгийн газар 2 тэрбум ам.доллар хийчихсэн. Юун татан буулгах тухай яриад байгаа юм бэ. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Хүрэлбаатар энэ асуудлуудыг оруулж ирж байсан. Сангийн сайд болчхоод татан буулгах тухай яриад л явж байна. Ч.Хүрэлбаатарыг толгойлж хийсэн л гэж бодож байна. Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх, газрын баялгийг боловсруулах асуудлыг жадлан эсэргүүцдэг хүн бол энэ Ч.Хүрэлбаатар. Ний нуугүй л хэлж байна. "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" баригдах ёстой гэдэгт одоо хүртэл итгэлтэй байдаг. АТГ, ЭЦА бүтэн фургон материал хураасан. Төслийн талаарх бүх материалыг би Ерөнхийлөгч байхдаа УУХҮ-ийн сайд байсан Д.Сумъяабазарт аваачиж өгч байсан. Уржигдархан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэсэн байсан. Үүнийг хараад баярлаж байлаа. Б.Энхбаяр аа, одоо яах уу. Та нарын намын мөрийн хөтөлбөрт баяжуулах, боловсруулах үйлдвэр барина гэсэн байна лээ шүү дээ. Ажилгүйдэл ядуурлыг массаар нь багасгадаг зүйл чинь аж үйлдвэр шүү. Би буруу зүйл гэж үнэхээр харахгүй байна. Дахин санал тавихад хийх боломжтой ажил гэж харж байна. 35 мянган га газар шүү дээ. АТГ олон нийтэд зарлахдаа нэг тэгийг нь хасчихаж байгаа юм" гэв.
Сэтгэгдэл үлдээх