Хөгжлийн банкны шүүх хурал хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна. Уг хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу хэргийн оролцогчид багтахуйц танхим болох Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулж байгаа.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцох ёстой байсан юм. Шүүх хуралд ирэх ёстой бүх хүмүүс ирээгүй ч маш өргөн бүрэлдэхүүнтэй шүүх хурал болж байна. Тухайлбал, 100 гаруй өмгөөлөгч оролцож байгаа юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй явуулах шийдвэр гаргасан. Гэвч өмгөөлөгч нар "Хувь хүний нууцад хамаарах мэдээлэл яригдах учраас шүүх хурлыг хаалттай явуулж өгнө үү" хэмээн хүсэлт гаргасан юм. Шүүх хуралд оролцож буй прокурорууд ч тэдний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Улмаар шүүгчид зөвлөлдөөд шүүх хурлыг хаалттай явуулах нь зүтэй гэж үзсэн юм.
Хөгжлийн банкны шүүх хуралд оролцох ёстой 80 хүний дотор Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг гэх мэт хэд хэдэн УИХ-ын гишүүн бий. Гэтэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ганцаараа шүүх хуралд биечлэн оролцож байна. Н.Алтанхуяг гишүүн өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ "УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг би тус шүүхэд "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан тус хэргийг олон нийтэд ил тод, нээлттой явуулах хүсэлтийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Намайг УИХ-аар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээс хоёр хоногийн өмнө Хөгжлийн банкны гэх хэрэгтэй хамаатуулан яллагдагч болгож уг асуудлыг УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэсэн учир олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүрээгүй болно. Миний бие "Хегжлийн банк"-тай холбоотой гэмт хэрэг үйлдээгүй тул урьдчилсан хэлэлцүүлгийн надтай холбоотой хэсгийг олон нийтэд ил тод, нээлттай явуулж өгнө үү" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх