Цэс Close

Инфографик: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан бөгөөд уг баримт бичгийн 6.1.1-д заасныг баримтлан Улсын Их Хурлаас 2010 онд Концессын тухай хуулийг батлан гаргасан байдаг. Концессын тухай хууль батлагдсанаас хойш төрийн өмчийн концессын “барих-шилжүүлэх” болон “барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр нийт 25.5 их наяд төгрөг буюу 8.9 тэрбум ам долларын өртөг бүхий 60 төслийн гэрээ байгуулагдсан бөгөөд нийт гэрээний 60 гаруй хувь буюу 40 төсөл нь концессын “барих-шилжүүлэх” төрлийн, 20 төсөл нь “барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн гэрээ байна. Концессын тухай хуульд заасан “барих-шилжүүлэх” төрөл нь олон улсын жишигт нийцсэн төр, хувийн хэвшлийн төрөл биш бөгөөд төсвийн хөрөнгө оруулалтаас ялгаагүй нөхцөл байдалтай, улсын төсөвт ихээхэн ачаалал үүсгэж байжээ.

Түүнчлэн Концессын тухай хуульд төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар тодорхой зохицуулалт байхгүй бөгөөд тус хуулийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн суурь зарчмын хүрээнд өөрчлөн шинэчлэх, ойлгомжгүй, тодорхойгүй зохицуулалтыг бусад хууль тогтоомжтой уялдуулах, нэр томьёог жигдлэх, олон улсын жишиг, практик шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж Засгийн газар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 9 бүлэг, 60 зүйлтэй.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлнэ. Нийтийн зориулалттай дэд бүтэц гэж нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын доор, дээр байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг ойлгоно. Харин төрийн үйлчилгээ гэж иргэдийн ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дэд бүтэц, эрчим хүч, зам, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл болон холбогдох бусад салбарт төрөөс иргэдэд тэгш, чанартай, үр ашигтай, хууль тогтоомж, стандартын дагуу үзүүлж байгаа олон нийтэд зориулсан үйлчилгээг хэлнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэл батлан хамгаалах, банк, санхүүгийн зах зээлийн бүх төрлийн үйлчилгээ, уул уурхайн салбарын дэд бүтцээр дамжуулан олон нийтэд үйлчилгээ үзүүлэхээс бусад ашиг олох зорилготой ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаанд хамаарахгүй.

Түншлэлийг хэрэгжүүлэх нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбар, чиглэлийг Засгийн газар батална.

Хуулийн 15 дугаар зүйлд түншлэлийн гэрээний төрлийг заасан. Тухайлбал, 1.зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх, 2.барих, ашиглах, шилжүүлэх, 3.барих, түрээслэх, ашиглах, шилжүүлэх зэрэг нийт 9 төрлийн гэрээг нэр зааж хуульчилсан бөгөөд мөн бүрэн шинжилгээгээр тодорхойлсон бусад төрлүүд байж болохоор хуульд заасан. Түүнчлэн “барих-шилжүүлэх” төрлийн гэрээ байгуулах болон түншлэлээр хэрэгжүүлэхийг тус хуулиар хориглосон.

Түншлэлийг санхүүжилтийн хэлбэрээс нь хамааран нэгдүгээрт, түншлэлийн төслийн зардлыг хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төслийн орлогоор санхүүжүүлэх, хоёрдугаарт, түншлэлийн төслийн зардлыг түншлэлийн гэрээнд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх, гуравдугаарт, дээрх хоёр төрлийн холимог төрлүүдтэй байхаар хуульчилсан.

Төр, хувийн хэвшлийн түншлэл нь түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Эдийн засгийн хөгжлийн яамны эрхлэх асуудалд хамаарна. Төр, хувийн хэвшлийн төсөв, санхүүгийн удирдлага, хяналт нь Сангийн яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах юм.

Түншлэлийн төвийг Засгийн газрын шийдвэрээр түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байгуулна. Түншлэлийн төв түншлэлийн төслийн саналыг түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой эсэх судалгаа хийх, түншлэгч талуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, түншлэлээр хэрэгжүүлэх төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ, урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, эрсдэлийн шинжилгээ, үнэлгээг төрийн түншлэгч болон мэргэжлийн зөвлөх, төслийн багтай хамтран боловсруулах зэрэг хуульд заасан 11 чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын санхүү, төсвийн удирдлага, тогтолцоонд шинэ зохицуулалт, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, түүнчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол бүхий нийтийн зориулалттай дэд бүтэц болон төрийн үйлчилгээний салбарын төслүүдийг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн зорилтуудыг хангах боломжийг бүрдүүлэхээс гадна хувийн хэвшилд бизнесийн томоохон зах зээл нээж өгч байна.

Томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах