Цэс Close

БНХАУ-ын ГХЯ-ны сайд Чин Ган: Украин маягийн хямрал Ази тивд давтагдах ёсгүй

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлыг сурвалжилж байна. 

Өнөөдөр /2023.03.07/ БНХАУ-ын 14 дүгээр сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал боллоо. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд Хятадын Гадаад хэргийн сайд Чин Ган  оролцсон бөгөөд гадаад хэргийн шинэ сайд албан тушаалаа хүлээж авснаасаа хойш анхны хэвлэлийн бага хурлаа хийсэн нь энэ юм.

Өнөөдрийн хэвлэлийн хурлын онцлох сэдэв нь БНХАУ- АНУ болон БНХАУ-ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааны тухай байсан юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ болон ОХУ  гэсэн хоёр том гүрэн стратегийн итгэлцэл, найрсаг хөршийн харилцааны замналыг сонгож, олон улсын харилцааны жишиг болж чадсан гэдгийг онцоллоо.

Хятад болон ОХУ-ын харилцаа нь гуравдагч талд чиглээгүй

БНХАУ-ын  ГХЯ-ны сайд Чин Ган: Хятад болон Оросын харилцаа нь дэлхийн том гүрнүүдийн харилцааны үлгэр жишээ загвар гэж хэлж болно. Ихэвчлэн том гүрнүүдийн хэлхээ холбоо нь  хаалттай, бусдыг гадуурхдаг бүлэглэлийн улс төр баримтлах эсвэл нээлттэй илэн далангүй  харилцааг хадгалах гэсэн сонголттой байдаг. Харин БНХАУ болон Орос  гэсэн хоёр том гүрэн стратегийн итгэлцэл, найрсаг хөршийн харилцааны замналыг сонгож, шинэ хэлбэрийн олон улсын харилцааны жишиг болж чадсан.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бээжин Москваг буруутгаж, хориг арга хэмжээ авах гэсэн барууны шахалтыг эсэргүүцэж, хямралыг энхийн замаар шийдвэрлэхийг тууштай уриалсаар ирсэн. Дэлхий хэдий чинээ үймээн самуунтай байна Хятад болон Оросын харилцаа төдий чинээ тогтвортой урагшлах ёстой.

Зарим нь Хятад Оросын харилцааг хүйтэн дайны эвслийн өнцгөөс харах гээд байгаа нь ажиглагдаж байна. Бидний харилцаа ямар нэг  эвсэл, бүлэглэл байгуулахгүй, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглээгүй харилцаа" гэлээ.

Хориг арга хэмжээ, дарангуйлал нь АНУ-ыг агуу болгохгүй

Харин Гадаад хэргийн сайд АНУ бодлогын арга чиглэлээ өөрчлөхгүй бол хоёр улсын хооронд мөргөлдөөн үүсч болзошгүйг хатуу сануулж зэмлэжээ.

БНХАУ-ын ГХЯ-ны сайд Чин Ган: Хятад улсын тухай АНУ-ын ойлголт ноцтой гажуудсан гэж хэлж болно. Тиймээс Хятад улсыг гол өрсөлдөгч, геополитикийн хамгийн ноцтой сорилт гэж үзэж байна. Анхнаасаа буруугаар ойлгосон учир Хятад улсын талаар хэрэгжүүлсэн АНУ-ын бодлого эрүүл, зөв замаас гажсан гэж хэлж болно.

АНУ Хятадтай өрсөлдөхийг эрмэлздэг ч мөргөлдөөн гаргахыг хүсдэггүй гэдэг. Гэхдээ бодит байдал дээр АНУ-ын өрсөлдөөн гэж нэрлээд байгаа зүйл нь бүх талын хориг арга хэмжээ, дарангуйлал, ямар ч үр дүнгүй үхэл, амьдралын тоглоом юм. Хориг арга хэмжээ, дарангуйлал нь АНУ-ыг агуу болгохгүй.  АНУ Хятадын эргэн тойронд стратегийн орчин бүрдүүлнэ гэж мэдэгдэж байсан.  "Энэтхэг Номхон далайн бүс дэх стратеги” гэдгээр Хятад улсыг бүслэх нь тэдний жинхэнэ зорилго нь бөгөөд үүгээр тэдний үнэн дүр төрх хэдийнэ илчлэгдсэн.

Үнэнийг хэлэхэд Ази тив  хамтран ажиллаж байж хамтдаа хожиж хэрэгтэй. Түүнээс биш геополитикийн тэмцлийн бааз байх ёсгүй.  Ази тивд хүйтэн дайн өдөөхийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Украин маягийн хямрал Ази тивд давтагдах ёсгүй” гэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн, Тайванийн асуудал бол Хятад, АНУ-ын харилцааны улс төрийн үндэс суурь, гаталж болохгүй анхны улаан шугам" гэж онцлон тэмдэглэсэн юм.

Ташрамд дурдахад, Олон улсын шинжээч АНУ болон БНХАУ-ын харилцааг энэ оны хагас гэхэд сэргэхгүй бол цаашид тодорхой бус байдал үргэлжилнэ гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм. Учир нь 2024 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх учраас 2023 оны сүүлээс сонгуулийн компанит ажил эхэлнэ. Тиймээс энэ оны эхний зургаан сар тус хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой үе байна гэж дүгнэж байна.

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах